Хүү маань саяхан л бор хоолонд орж байсан санагдана, тэр үед ямар хүнс ногооноос эхлэх үү, яавал харшил өгөхгүй, ходоод гэдэс нь хямрахгүй байх бол гээд олон эх сурвалжаас судалж байж билээ.
Тэгвэл ээжүүд бидэнд тулгардаг бор хоолны сонголт, өдөр тутмын хүүхдийн хоолны жорын тухай цогц мэдээлэлтэй ном эмхтгэн гаргасан ээж Пүрэвсүрэнгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр бидэнтэй хүүхдийн хооллолтод анхаарах зүйлс, амин дэм, нярай хүүхдэд ус уулгах эсэх, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэх зэрэг ээжүүд бидний санаа зовж явдаг асуудлуудын талаар ярилцлаа.
-Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Та бүхнийг бас надтай хамтрах санал тавьсанд их баярлалаа. Өөрсдийн өнгө аястай, уншихад сонирхолтой байдаг шүү.
Миний нэрийг Пүрэвсүрэн гэдэг. Би 2004-2005 оны хооронд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сурч байгаад тэтгэлгээр Чех улсын Карлын их сургуульд элсэж, нийгмийн эрүүл мэндээр 2011 онд бакалавр хамгаалсан. 2012 онд Монголдоо ирээд Геронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албанд мэргэжилтнээр ажиллаж байна. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
-Та яагаад хүүхдийн хооллолтын тухай ном гаргах болсон бэ?
-Анхны хүүхдээ бор хоолонд оруулах үеэс хүүхдийн хооллолтын талаар илүү судалж, оюутан үеийн дэвтрээ сөхөж үзээд л, Coursera дээр хүүхдийн хооллолтын онлайн курсэд хамрагдах зэргээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хайж судалдаг байлаа. Мэдээллүүдээ тэмдэглэж, жоруудыг нь бичиж авдаг байсан юм. Ингээд жижигхэн боловч хэрэгцээтэй ном болчих юм шиг харагдаад 2014 онд эмхтгэж гаргасан. Ээжүүдэд хэрэгтэй бас олон хүнд хүрээсэй гэж хүсээд номынхоо үнийг ч бодолцож үзсэн. Ээжүүд бид чинь хүүхдээ харах хугацаандаа орлогогүй хүн болж хувирдаг шүү дээ. Тиймээс нэг гэлтгүй ээж хүүхдээ эрүүл зөв хооллож, эрүүл амьдрах дадал хэвшлийг багаас нь олгоосой, сэргийлж болох өвчнөөр битгий өвдөөсэй гэж бодож явдаг.
-Хүүхдийн хооллолт нарийн судалгааны үндсэн дээр хийгддэг болов уу. Таны хувьд мэргэжил илүү дөхөм байсан байх. Судалгааны ажил болон номоо бичихдээ хэр хугацаа зарцуулсан бэ?
-Миний хувьд нийгмийн эрүүл мэндээр төгссөн. Энэ бол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухааныг цогцоор нь судалдаг шинжлэх ухаан юм. Үүнд судалгаа, сургалт, бодлого боловсруулалт гээд бүгд орно. Би “Генийн өөрчлөлттэй хоол хүнсний бүтээгдэхүүн, түүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөлөл, хуульчлал” сэдвээр бакалавраа хамгаалсан л даа. Тэгэхээр хоол тэжээлийн асуудал, эрүүл хооллолтын талаар мэргэжил, сонирхол тохирдог гэхүү дээ. Харин хүүхэд гаргаад хүүхдийн хооллолтын онцлог байдлыг илүү сонирхох болсон. Номоо 2014 оны турш бичсэн. Хүүхэдтэй болохоор бас шууд суугаад эсвэл олон хоногоор анхаарлаа төвлөрүүлэх боломж тэр бүр олддоггүй. Үүнийг ээжүүд илүү мэднэ дээ.
-Мэдээлэл хэт их байгаагаас хүмүүс хүүхдийн хооллолтын талаар янз бүрийн байр суурьтай, тэдгээрээс зөвийг олох бэрх шүү дээ. Таны хувьд судалгааны ажлаа яаж хийсэн бэ?
-Мэдээллийг олон эх сурвалж ашиглаж олж болдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ найдвартай, шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг сайн нягталж байх хэрэгтэй. Зөв эх сурвалжаас авсан, эмх цэгцтэй мэдээлэл хүнд мэдлэг болно. Тэгэхээр нэг талыг барьсан мэдээллээс зайлсхийж харин баталгаа, нотолгоонд суурилсан мэдээллийг л өөрийн чиг шугамаа болгохыг хичээдэг.
Нярай болон 6 сар хүртэлх эрүүл хүүхдэд нэмэлтээр ус өгөөд байх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Энгийнээр хэлбэл, тэдний ходоод өчүүхэн жижигхэн учраас ус уулгавал ходоод нь дүүрч хэрэгтэй шим тэжээлийн бодис агуулсан хөхний сүүгээ хөхөж чадахгүй.
-Хүүхдэд зориулсан хоол тэжээлийн хувьд ээж, эмээтэйгээ зөрчилдөх үе гардаг шүү дээ. Жишээ нь нярай хүүхдэд ус өгөх зөв, буруу гээд л, энэ талаар таны бодол?
Хэдий ээж, эмээ нар маань хүүхэд өсгөх туршлага биднээс арвин ч гэсэн бид хүүхдээ өөрсдөө өсгөж хүмүүжүүлэх нь хамгийн зөв гэж залуу гэр бүлийн хувьд бодож явдаг. Хоолны асуудал, асаргаа сувилгаан дээр ерөнхий зарчим өөрчлөгдөхгүй ч цаг үеэ дагаад бидний хэрэгцээ, хэрэглээ ондоо болсон. Нярай болон 6 сар хүртэлх эрүүл хүүхдэд нэмэлтээр ус өгөөд байх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Энгийнээр хэлбэл, тэдний ходоод өчүүхэн жижигхэн учраас ус уулгавал ходоод нь дүүрч хэрэгтэй шим тэжээлийн бодис агуулсан хөхний сүүгээ хөхөж чадахгүй. Харин хүүхдийг нэмэлт хоолонд оруулах үеэс бага багаар ус өгч эхэлдэг. Европт хүүхдэд өгөх, нэмэлт хоолыг бэлтгэх ус тусгай стандарттай байдаг.
Харин манай хонины сүүл хөхүүлэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг. Учир нь 2 нас хүртлээ хүүхдийн өөх тосны хэрэгцээ өндөр байдаг. Хэдий эрүүл хооллолтын зарчмын дагуу өөх тосны хэрэглээ хоногийн хоолны илчлэгийн 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг ч 2 хүртэлх насанд 50 хувийг нь өөх тосноос авч болдог. Энэ үед хүүхдийн биед энерги их шаардагддаг бөгөөд уураг тархины хөгжил хурдацтай явагддагтай холбоотой. Өөх тос задрахдаа харьцангуй их энергийг бидний биед өгч байдаг л даа.
Ингээд өөх тос яривал хүний биед хэрэгтэй, хортой хэрэггүй, транс өөх тос гээд олон зүйл бий.
-Орчин үед генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний тухай мэдээлэл их гарах болсон. Генийн өөрчлөлт гэхээр маш аюултай хортой гэж ойлгогддог л доо. Бид үргэлж эко бүтээгдэхүүн хэрэглээд байж чаддаггүй. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Генийн өөрчлөлттэй организм буюу ГМО нь нэг талаараа биотехнологи, генийн инженерчлэлийн шинжлэх ухааны ололт гэж ойлгож болно. Энэ чиглэлийн шинжлэх ухаан хөгжөөд аль хэдийн анагаахын салбарт нэвтэрсэн. Жишээ нь чихрийн шижинтэй хүмүүст инсулин ямар хэрэгтэй билээ, үүнийг генийн өөрчлөлтөнд орсон бактериас гаргаж авсан. Харин энэ салбар хөдөө аж ахуйд нэвтэрч үр тарианы ургац сайн авахын тулд уур амьсгалд тэсвэртэй эсвэл хортон шавьжид тэсвэртэй үр тарианы бүтээгдэхүүн шинээр гаргаж авсаныг л бид генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж нэрлээд байгаа юм.
Дэлхийн зах зээлээс генийн өөрчлөлтөнд ороогүй шар буурцаг, эрдэнэ шиш, улаан лооль олоход хэцүү байх гэж бодож байна. Цагаан будааг ч мөн адилаар тариалдаг болсон. Олон улсын хэмжээнд ГМО-ийг хүнсний аюулгүй байдлын талаас нь авч үздэг л дээ. Гэхдээ Монголд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буюу түүний ГМО-ийг тодорхойлдог лаборатори, шинжилгээний газар байдаг эсэхийг мэдэхгүй юм.
Бид генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнтэй хоёр том улсын дунд байдаг учраас энэ талаар шинжилгээний лабораторитой, тодорхой эрхзүйн орчинтой болох байх гэж боддог. Улс орнууд тодорхой нэр төрлийг хориглох эсвэл хил гааль дээр бүртгэлжүүлсэн хаяг шошготой байх зэрэг шаардлага тавьдаг. Гэхдээ генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн олон улс орныг өлсгөлөнгийн аюулаас аварч байгаа гэхэд болно. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөө нь хүнсний бүтээгдэхүүний харшил, гэдэсний бактерийн өөрчлөлт юм. Гэхдээ гэдэсний бактерийг өөрчилдөггүй гэдэг нь батлагдчихсан. Харин цаашид хэдэн зуун жилийн дараа яаж нөлөөлөхийг мэдэхгүй учраас аюултай гэж үзэх хэсэг бүлэг ч байна. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний тухай айдсыг далимдуулаад органик эсвэл цэвэр байгалийн гаралтай гэх хаяг шошготой бүтээгдэхүүн бий болж, хүнсний ногоон дахь пестицидийн үлдэгдэл эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй санагддаг. Органик гэхээр бордоо ч хэрэглээгүй байх ёстой байдаг л даа.
Мөн хүүхдийн өсөлт хөгжлийн үе, хөдөлгөөний идэвх зэрэгтэй уялдуулж хооллох хэрэгтэй. Хүүхдийн хурдацтай өсч, томордог үе нь өнгөрчихсөн, шаардагдах энерги нь багасчихсан үед ээжүүд маань манай хүүхэд хоол бага идэж байна гэдэг.
-Хүүхдийн хооллолтонд хамгийн ихээр анхаарах зүйл юу вэ? Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа
-2 – 3 нас хүртэл хүүхдийн хоол, тэжээлд ямагт анхаарч, тусгайлан цаг гаргаж хоолыг нь бэлдэж өгч байгаарай. Бэлэн нухаш, бүтээгдэхүүн бол хугацааг уртасгах, хадгалах төрлийн нэмэлт хэрэгцээгүй бодисыг агуулдаг юм шүү. Мөн хүүхдийн өсөлт хөгжлийн үе, хөдөлгөөний идэвх зэрэгтэй уялдуулж хооллох хэрэгтэй. Хүүхдийн хурдацтай өсч, томордог үе нь өнгөрчихсөн, шаардагдах энерги нь багасчихсан үед ээжүүд маань манай хүүхэд хоол бага идэж байна гэдэг. Гэтэл цаанаасаа энергийн хэрэгцээ багасах үе байдаг гэдгийг ойлгох нь чухал. Мөн хүүхдийг хүчээр хооллох, бэлэн бүтээгдэхүүн болон хэт их чихэрлэг зүйлээр хоол тэжээлийн хэрэгцээг нь хангахаас татгалзаарай.
Орчин үед Д витамины хэрэглээг маш чухалд тооцдог болсон ба зөвхөн сульдаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй архаг өвчинд нэрвэгдэх, сүрьеэ өвчний далд халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, хавдар, автоиммунийн өвчин болон зүрх судасны өвчин гээд олон өвчнөөс сэргийлдэг тухай судалгаа шинжилгээгээр батлагдаад байгаа.
Хүүхдийн аминдэмийн талаар
Ээжүүддээ Д витамины хэрэглээний талаар хэлж өгмөөр санагдлаа. Витамин Д нь хүүхдэд маш чухал аминдэмийн нэг юм. Байгальд витамин Д-ийн Д2, Д3 гэж хоёр хэлбэр байдаг бөгөөд Д3 нь харьцангуй хүний биед үйлчлэх идэвх сайтай байдаг. Бид нарнаас Д3-ыг арьсандаа нийлэгжүүлж авдаг бөгөөд Д3 нь илүүдэл үүсгэдэггүй. Орчин үед Д витамины хэрэглээг маш чухалд тооцдог болсон ба зөвхөн сульдаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй архаг өвчинд нэрвэгдэх, сүрьеэ өвчний далд халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, хавдар, автоиммунийн өвчин болон зүрх судасны өвчин гээд олон өвчнөөс сэргийлдэг тухай судалгаа шинжилгээгээр батлагдаад байгаа. Монгол улс сүрьеэгийн тархалтаараа олон улсын түвшинд харьцангуй өндөрт тооцогддог бас их хэцүү өвчин. Бид экваторийн бүсээс хол, нарны шууд бус налуу тусгалыг хүлээж авдаг учраас Д витамин дутагдах өндөр эрсдэлтэй бүст амьдардаг. Витамин Д дутагдахад бидний хоол хүнсээр авдаг кальцийн шимэгдэл эрс багасдаг. Үүнтэй холбоотойгоор нийт хүн амын дунд ясны сийрэгжилт ч ихэссэн байдаг. Иймээс ээжүүддээ зөвлөхөд витамин Д хүүхдэдээ нэмэлтээр өгч байх хэрэгтэй шүү.
Дашрамд дурдахад Пүрэвсүрэн маань цаашид эрүүл хооллолт болон амттай хоолны жоруудаа цувралаар та бүхэнтэйгээ хуваалцах болсныг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: www.avdar.club