Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд төрийн ажил гэхээсээ илүүтэй найр цэнгээнд илүү сонирхолтой гэдгээ өнгөрсөн намар батлан харуулж “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of beauty international” Олон улсын миссийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэж зарим Улаанбаатарчуудын цөсийг хөөргөсөн бол, олонхийнх нь нүдийг орой дээр нь гаргаж байв.
Су.Батболд захирагчийн ажлаа хүлээж авснаас хойшхи 100 хоногийг Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс дүгнэхдээ "Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад том өрөөнд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулснаас эхлэн, харьяа агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч ажилласан. Мөн одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөөд байна” гэсэн байдаг.
Мөн түүнчлэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨТҮГ, Эдийн засгийн хөгжлийн газар, Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь албадыг татан буулгаж, Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийг эзэнгүй болгосон гэсэн байдаг.
Су. Батболд Улаанбаатар хотын захирагч болонгуутаа Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргаж, 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчилсөн нь АН-ын үед хэрэгжүүлж байсан ажлыг үгүйсгэсэн явдал болсон гэдгийг ч дурдсан байдаг. Хамгийн гол нь нийслэлийн төв талбайн нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал. Мөн нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор”, Түрээсийн орон сууц, Ахмадын орон сууц, Цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгааг ч Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг шүүмжилж байсан билээ.
Гэтэл наргиан цэнгээнд дуртай Су.Батболд дарга дээрх шударга шүүмжлэлийг хүлээн авах нь байтугай найр наадмаа улам л хавтгайруулж, “Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад сөгнөж” байгааг нь илчилсэн нэгэн жигтэй урилга өчигдрөөс эхлэн цахим ертөнцийг чимэглэж байна. Уг хачирхалтай урилгын утгыг махчилвал “Нийслэл хот 2017 оныхоо төсвийг баталж дөнгөсөн баярт үйл явдлыг тэмдэглэх оройн зоогт эрхэм хатагтай, ноёд та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна” гэж байх юм. Саяхан орсон их цаснаар “Хотын гудамжинд цацах давс байхгүй, хөрөнгө мөнгөний хомсдолтой” хэмээн хурган дарга нар нь уйлах шахаж байсныг бодвол хотын удирдлагууд наргиж цэнгэх мөнгөтэй л юм байна гэдгийг Су.Батболд даргын баярхуу урилга гэрчилнэм.
Өнгөрсөн баасан гарагийн орой Туушин зочид буудлын 3 давхарын тансаг ресторанд Су.Батболд даргын урилгаар баахан хатагтай, ноёд Улаанбаатар хотын төсвийн мөнгөөр нэг орой тансаглаад дуусгасан нь ч ойлгомжтой. Гэтэл өнгөрсөн 11 дүгээр сарын 22-ний шөнийн 23:00 цагийн үед ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яамны дипломат ажилтан, ОХУ-ын иргэн Артем Валерьевич Оганов гэгч нь Улаанбаатар хотын ХУД-ийн нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг ялихгүй зүйлээр шалтаглан толгойн тус газарт зэвсгийн чанартай зүйлээр цохиж хүнд гэмтээсэн нь мөн л найр цэнгүүнд дуртай Су.Батболд даргатай ямар нэгэн байдлаар холбоотой болж таараад байгаа. Учир нь захирагч нь найр наадамд дуртай учир тэр орой “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүн болж тэнд нь “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах урилгаар хүрэлцэн очиж дуулчихаад гарч яваад халдлагад өртсөн гэдэг.
Тухайн орой болсон Эрүүгийн хэргийг тоймловол ОХУ-ын иргэн А.В.Оганов нь бусдыг илтэд үл хүндэтгэх, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулж Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсныг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээр барахгүй “Хүмүүст битгий мэдэгд, битгий харуул, хурдан өөр өрөөнд өргөөд оруул” гэх мэтээр тушааж бусдаас тусгаарлан удаан хугацаагаар ганцааранг байлгаж, золтой л аминд нь хүрээгүй дуулиан дэгдээгээд байгаа.
Товчхондоо найр цэнгүүнд үндсэн алба үүргээсээ илүүтэй дуртай Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын “Хутга тавилгүй мах идэх, хундага буулгалгүй сархад өргөх” нь хэрээс хэтэрч байгаа юмсанж.
Тиймдээ ч нийслэлийн ирэх оны төсөв батлагдсаныг тэмдэглэх нэрээр баахан хатагтай ноёдыг цуглуулаад төсвийн мөнгөөр тансагласан байнам.