Хөгжим судлаач Р.Энхбазартай ярилцлаа.
-Таны үг, аяыг нь зохиосон "Угтагчийн дуу"-ны түүхийг сонирхмоор байна. "Сансрын нисгэгч ахаа, сайн яваад ирэв үү" гэхээр мэдэхгүй хүн бараг байхгүй шүү...?
-Улс хувьсгалын 60 жилийн ой болно гэж дээр, дооргүй бужигнасан үе л дээ. Монгол хүн сансарт ниснэ гэдэг тэр ойд том бэлэг байлгүй яахав. Ж.Гүррагчаа нисээд ирнэ, жаран жилийн ой болно гээд дууны уралдаан зарладаг юм. Тэр үед би Монголын радиогийн Хөгжмийн редакцийн редактор байлаа. Гучаад дуу уралдсан байх шүү. Хөлтэй болгон хөлхөж гэдэг шиг хөгжим бичдэг хүн бүр тэр уралдаанд дуу сойсон. Би Ж.Гүррагчааг сансарт ниссэнтэй холбоотой гурван дуу зохиосон юм. Нэг нь таны түүхийг нь сонирхоод байгаа "Угтагчийн дуу". Тэр уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн юм. Томилолтоор яваад иртэл "Угтагчийн дуу" маань нэгдүгээр байр, "Од болон зүрхэнд хоногшлоо" дуу маань тусгай шагнал хүртсэн байсан. Ж.Гүррагчааг газардахаас хоёр, гуравхан хоногийн емне "Ээжийн хоёр хүү" гэдэг дуунд ая хийсэн. Радио хорооны захиалгатай дуу байгаа юм. Тэр үед Радио хорооны даргаар Мятав гэж хүн ажиллаж байлаа. Мятав дарга Сандуйжавт энэ дууны санааг хэлсэн юм билээ. Түмэндэмбэрэл гуай ятгатай дуулж байсан үе л дээ. Монголын радиогийн Хөгжмийн редакцид байсан болохоор бүх юм гарт. Нөхцөл ч сайн байж. Дуугаа зохиогоод тэндээ бичүүлчихдэг байлаа.
-Тэр үед Ж.Гүррагчааг онгоцноос буунгуут таны зохиосон энэ дуу эгшиглэсэн гэгэд байх аа?
-Тиймээ. Тухайн үед радиогийн хөгжмийн редакцийнхан Ж.Гүррагчааг онгоцноос буухад ямар хегжим тавих вэ ид ярьж байсан юм. Тийм ч дуу, ийм ч марш гэцгээгээд бэлтгэл хийцгээж эхэлсэн цаг. Нэг орой гэртээ сууж байгаад "Гүррагчаа, Жаннибеков хоёрыг онгоцноос буугаад ирэнгүүт хамгийн түрүүнд хүүхдүүд цэцэг бариад угтана, улаан зангиа хүзүүнд нь зүүж өгөх тэр агшинд цэргийн марш дуугаргах уу яах вэ" гэж бодлоо. Ягтэр үед "Сансарын нисгэгч ахаа, сайн яваад ирэв үү" гэсэн үг сэтгэлд буугаад ирсэн. Хүүхдүүд сансрын нисгэгчдийг угтаж очихдоо ингэж л хэлэх байх гэж бодох үед үг нь хуурайгаараа ороод ирсэн хэрэг. Маргааш нь ажил дээрээ очоод шууд л санаагаа хэллээ. "Улаан бүч" чуулга бэлэн. Буянхишиг багш нь. "Энэ дууг сургууль хийлгээд бичүүлээдэх үү, Мятав даргад нэг сонсгоё" гэлээ. Мятав дарга Мэнд-Ооёо гэх мэт бидний хэдэн залуусыг их дэмждэг байсан л даа. "Зев санаа байна, сансрын нисгэгчээ онгоцноос буухад нь марш дуугаргаснаас хүүхдийн дуутай угтвал зүгээр шүү" гэдэг юм. Цаг нь тулсан учраас оркестр хийж чадаагүй. Цэцэг барьсан хүүхдүүд сансрын нисгэгчийг угтах үед энэ дуу эгшиглэсэн нь ийм түүхтэй. Гэртээ ганцаараа сууж байхдаа бодсон хүсэл минь ингэж биелсэн дээ.
-"Бүсгүйчүүд", "Дэлхий ээж", "Манайд ирээрэй", "Эр хүн" гэж ирээд жагсаавал таны уран бүтээлээс олонд хүрсэн, өнөөдөр ч дуулагдсаар байгаа дуу өчнөөн. Ингэхэд хэчнээн дуунд ая хийсэн бэ, тоолж үзсэн үү?
-Тоолж үзээгүй. Тэр жил СD гаргахдаа дуунуудаасаа сонголт хийсэн юм. Зохиосон дуу маань лав л зуу хол даваагүй юм билээ. Би 1966 оноос дууны ая хийж эхэлсэн хүн. Эрчтэйгээр, "Инээмсэглэл" хамтлагтай хамтарч ажилласнаас хойш. гэвэл зуу шахам дуу хийсэн байх. Өнөөдөр гайгүй хэдэн ДУУ ДУУ-пагдаад байх шиг байна. Социалистагуулгатай, зориулалттай дуу их хийсэн. Мартын найман гэхээр "Бүсгүйчүүд"-ийг, эрчүүдийн баяр болохоор "Эр хүн"-ийг дуулах жишээтэй. Нэг СD гаргасан. Зарим дууг нь залуус шинэчилж дуулж байгаа харагдах юм. Тэгэхээр дуунууд маань надаас илүү хедөлгөентэй, би өөрөө хөделгөөн багатай болчихоод байна даа (инээв). Миний зохиосон дуунаас "Хөөрхөн Бурмаа", "Манайд ирээрэй", "Намрын инээмсэглэл", "Бүсгүйчүүд" гучаад дуу дуулагдаж байх шиг. Бүр больё гэхэд хорин дуу нь лав дөчин жилийн дараа дуулагдаж байна. Ингээд бодохоор гайгүй л дуу зохиочихож дээ гэж бодож явдаг юм.
-Жар, далаад оны дуунууд үг, ая аль ч талаасаа өөлөх юмгүй санагддаг, Тиймдээ ч өнөөдрийг хүртэл дуулагдсаар байгаа болов уу гэж боддог. Хэдэн арван жилээр аялагдаад байгаагийн нууц нь юундаа байна?
-Зарим зохиолч "Миний бүтээлээс хяргадаг, тасддаг байсан" гэж ярьдаг л даа. Би ийм ярианд дургүй. Үнэхээр шүүж чаддаг байсан цаг. Б.Явуухулан гуайгаас эхлээд мундагууд сонсоно. Учир зүггүй "Болохгүй, үүнийг чинь хорино" гээд байхгүй л дээ. "Хүүхээ ингэвэл ямар вэ, тэгвэл яадаг юм бол" гэх мэтээр зөвлөнө. Аян дээр ч ялгаагүй. Чойдог, Лувсаншарав гуай зэрэг томчууд баталдаг байлаа. Дууг сонсоно, зөвлөнө, хэлнэ. Тийм том улсад дуугаа сонсгох гэж байгаа хүмүүс чинь бэлтгэлтэй очилгүй хаачихав. Юмаа хянана гэж жигтэйхэн шүү дээ. Лувсаншарав гуайд сонсгож батлуулах юм чинь аяа сайн мэддэг байх ёстой. Юм асуувал энэ нотыг ингэж бодож тавьсан гэх мэтээр хариу өгч чаддаг байх учиртай. "Миний дуунд хүний юм чимх ч байхгүй" гэж хэлэхийн тулд их бэлдэнэ дээ.
-Зохиосон аяа сонсгосны дараа айхтар асуултууд тавина биз?
-За даа, бараг үгүй шүү. Айхтар асуугаад, онолын нарийн хичээл заагаад байхгүй. Хүний дуунаас, өөр аянаас авсан бол харин хэлж өгнө. Харин тэр мундаг хүмүүс дээр очиж байгаа бид мэтийн залуус өөрсдийгөө цэнэглэж очдог байлаа. "За миний хүү наад дуугаа нэг тоглоотох" гэхээр нь алдаж бүдчээд байвал ямар олиг байхав. Дахин хэлэхэд шалгуулах хүмүүс нь л ач холбогдол өгч бэлддэг байсан. Миний хувьд дээрээс цензурдуулж, бүтээлээсээ хасаад, тануулаад байсан зүйл үгүй. Зарим нэг хөгжмийн зохиолч, яруу найрагч энэ мэт нарийн учрыг сайн ухахгүйгээр "цензурддаг үе байсан" гэж яриад байдаг. Миний хувьд энэ үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч үүний үр дүнд миний хэдэн дуу өнөөдөр хүртэл дуулагдаж байгаа. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Дуу хийж өгөөч гээд болох, болохгүй янз бүрийн шүлэг авчирч өгдөг. Мөнгийг нь бодоод ая хийгээ өгчихөж болно л доо. Гэхдээ совесть гэж юм байна. Ирсэн шүлэг бүрд нь ая хийгээд явах хүсэл төрдөггүй. Хоёрын зэрэг захиалгын дуу хийсэн тал бол бий. Нэг нь сумын сургуулийн ойд зориулсан дууны ая. Нөгөө нь нэг залуугийн ээжийнхээ дурсгалд зориулж хийлгэсэн ая. Алдаж онож явсан жирийн л нэг залуугийн хүслийг биелүүлье гэж бодсон юм. "Би ээжийнхээ ачийг хариулж чадах биш дээ. Дуу хийлгээд, эгшиглэх бүрд нь сэтгэлээ тайвшруулъя л гэсэн юм. Өөр би юу хийж чадах билээ" гэж хэлж байгаа хүний өөдеөс "үгүй" гэлтэй биш. Гайгүй дуу хийгээд өгчих шиг болсон. Би тэр залууг их ухаантай хүн байна даа гэж үнэлсэн. Ээж нь бурхан болсон ч дуу хийлгэж, тэр дуугаараа сэтгэлээ тэжээж явна гэдэг мундаг ухаан. Сэтгэлээ мөнгөнөөс илүү үнэлдэг ийм хүн одоо цагт тун ховор шүү.
-Танд аяа зохиочихоод шүлгээ захиалсан тохиолдол бий юу?
-Аяыг нь хийчихээд шүлэг захиалсан дуу бий. Уран бүтээлч сэтгэлээр дуу зохионо гэдэг сонин л доо. Нэг өдөр гэртээ хөгжим тоглоод сууж байлаа. Ээж диван дээр хажуулангаа хөгжим сонсоод л. Нэг харсан чинь нулимс нь цийлэгнэж байна. Ээж минь их зовлон үзсэн хүн л дээ. Олон хүүхдээ ганцаараа өсгөсөн хүн. Амьдралынх нь хатуу хетүү бодогдоо биз, бага хүү нь хегжим тоглоод сууж байх сайхан санагдаа байлгүй. Нулимс зүгээр унана гэж юу байхав. Яг тэр агшинд "Ээжийн бүүвэйтэй хорвоо" дууны ая урсаад ороод ирдэг юм. Би тэр аяыг ээжийнхээ дэргэд хоёр цаг шахуу тоглосон байх. Маргааш нь ажил дээрээ очоод Мэнд-Ооёод ярилаа. "Өвгөн чинь ийм ая хийлээ" гэсэн чинь "Сонсъё" гэж байна. Ээжийн хажууд тоглосон шиг хугацаа өнгөрсөн байх. Мэнд-Ооёо дэргэд нуруугаа үүрчихсэн хойш урагшаа алхаад л. Тэгж тэгж "За за болчихлоо" гэдэг юм. Шүлэг болчихлоо гэсэн үг. Тэгээд л маргааш нь “Ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг шүлэг бичээд ирсэн. Яг миний аянд таарсан сайхан шүлэг байсан.
-Та нэг ярилцлагадаа "Миний зохиосон дуунууд хоорондоо эрс өөр жанртай. Ардын дуу, поп дуу гэхэд ганц ганц л байх ёстой" гэж онцолсон байсан. Одоо ч ийм бодолтой хэвээрээ юу?
-Би дуу хийхдээ нэг юмыг дахин давтахгүй юмсан гэж хүсдэг. Ээждээ ганц л дуу зориулж хийсэн. Тэр нь сая ярьсан "Ээжийн бүүвэйтэй хорвоо". Түүнээс хойш ээжийн тухай дууны ямар ч шүлгийг хүлээж аваагүй, Ирэх бүрд нь "Би ээжийн тухай дуу хийсэн. Тэр дуундаа сэтгэл хангалуун явдаг" гэх мэтчилэнийн хариу өгөөд буцаадаг. Жанр бүр дээр нэг дуу хийгээд л болоо гэж бодол минь хэвээрээ. Өмнөхөө давтахгүй юмсан гэж хичээдэг. “Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу? гэж ирээд эхэлдэг домгийн сэдэвтэй дуу маань гэхэд ганцхан. Язгуур чанартай ийм дуу нэгийг л хийсэн. Тэгээд сэтгэл ханачихдаг. Эмэгтэй ансамбльд нэг дуу зориулж хийсэн. Хилийн цэргийн бүсгүйчүүд дуулсан л даа. Хил давж ирж байгаа тогорууны тухай. Энэ дууг хийгээд л "Дахиж ансамбльд зориулж дуу хийхгүй" гэсэн бодол төрсөн. Эр хүний тухай дуу нэг л бий. Мэргэжлийн хоолойнд зориулсан дуу хийгээд А.Долгорт өгсөн. Нэгэнт энэ дуу сайхан амьдарсан л бол давтах шаардлагагүй гэсэн бодолдоо заримдаа эргэлздэг л дээ. Буруу ч юм шиг. Ингээд бодчихоор аавынхаа тухай дуу хийж чадахгүй байх жишээний. "Эр хүн" дууг давахгүй л бол аавын тухай дуу хийгээд яах юм гэсэн бодол төрөөд байдаг. Аавын тухай нэг дуу хийгээд бүтэлтэй болоогүй. Д.Сосорбарам нэг дуулаад л өнгөрсөн. Тэгэхээр энэ бодол маань заримдаа буруу ч юм шиг. Нэг хийсэн юмаа дахиж хийдэггүй учраас миний дуунууд жанр бүр дээр тооны хувьд цөөн. Гэхдээ тэр жанртаа амьдраад л байна.
-Аавын тухай дуу гэснээс таны аав Ж.Раднаа Монголын үндэсний циркийг үндэслэсэн гэдгээрээ түүхэнд үлдээсэн хүн. Аавынхаа тухай гэгээн дурсамжаас хуваалцаач?
-Аав минь намайг настай байхад өөд болсон юм. Ийм тийм хүн байсан гэх төсеөлөл дурсамжид байхгүй ч ээжийнхээ ярианаас аавыгаа мэднэ. Миний дээр нэг ах байсан л даа. Сайхан эр хүн. Ээж маань "Аавыгаа харъя гэвэл ахыгаа хар” гэдэг байлаа. Аав минь 35-хан насандаа улсын цирк гэдэг юмыг байгуулсан гэхээр агуу санагддаг. Би 35 настайдаа юу хийсэн гэхээр нойль л байгаа юм. Тэгэхээр ганц миний аав гэлтгүй тэр үеийн улс гайхамшигтай байжээ. Тэр үеийн хүмүүс их зангарагтай байсан шиг санагддаг. Залуу жанжин Лхагвасүрэн гэхэд л аавын нутаг. Нэг голын хоёр байгаа юм. Лхагвасүрэн гуай залуугаасаа л гялалзсан байдаг. Тэгэхээр тэр үеийн улсын зангараг яах аргагүй өөр болж таараад байгаа юм.
-Таны олонд түгсэн дуунаас "Хөөрхөн Бурмаа”-г залуус өнөөдөр ч дуулж байна. Их хөнгөн хэмнэлтэй. Сонсоход өөрийн эрхгүй сэтгэл сэргэмээр гоё дуу. Танаас энэ дууны түүхийг сонирхохсон гэж боддог байлаа?
-Монголын радиод ажиллаж байсан Лувсандорж гэдэг сэтгүүлч надад захиалсан юм. Лууяагийн эхнэр тэр үед Эвлэлийн төв хооронд буфетэнд ажилладаг байсан л даа. Шалгалт ирээд орлогоос нь мөнгө дутсан шиг байгаа юм. Лууяа маань нэг өдөр "Би нэг ийм юм бичлээ. Ханийнхаа сэтгэлийг засах гэсэн юм аа. Урвайчихаад хэцүү байна аа" гээд "Хөөрхөн Бурмаа" гэдэг шүлэг бариад ирсэн юм. Шүлгэнд нь ая хийчихээд Лууяа руу утасдаж "Өвгөн чинь ая хийчихлээ сонсохгүй юм уу" гэсэн "Өвгөн чинь Оргил рашаан сувилапд амарч байна. Өнөөдөр Налайх явах ажил бас байна. Маргааш очиж сонсъё" гэлээ. Цэрэнтогтох аварга зэрэг хүмүүс Налайхад явж байгаад том осол гаргасан юм. Найз маань тэр ослоор нас барсан. Захиалсан дуугаа сонсч чадаагүй. Би "Хөөрхөн Бурмаа”-гаа радиод бичүүлчихээд эхнэр, хүүхдэд нь хэлж байлаа. Одоо хүүхдүүд нь "Аавын минь ээжид зориулж захиалсан дуу гээд их баярладаг юм. Баярлах бүрд нь "Хүний сэтгэлд гэгээ татуулсан гайгүй юм хийгээд өгч дээ" гэсэн бодол төрдөг. Уран бүтээлч хүнийхээ хувьд сэтгэл өег явдаг. Лууяадаа сонсгосон бол бүр л сайхан байх байсан юм.
-Та одоо юу хийж байна?
-Бүтээл энэ тэр гээд бариад авсан юм алга даа. Насныхаа эрэмбээр ач зээтэйгээ ноцолдоод, хааяа 25 дугаар телевиз дээрээ ирж сэтгэлээ сэргээчихээд л явж байна. Уран бүтээлээ бүр хаяна гэж юу байхав. Хааяа оролдоно. Гэхдээ залуу насны эрч хүч, урам зориг сулардаг л юм байна.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин