Ардчилсан намын дарга З.Энхболд 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ний өдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаалыг өчигдөр гаргажээ.
Тэднийг намынхаа анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхгүйгээр төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг хүлээн авсан нь Ардчилсан намын үндсэн дүрэм, журам зааврыг зөрчсөн гэж үзэж, дээрх шийдвэр гаргажээ.
Эх сурвалжийн хэлснээр бол 15 мянга орчим гишүүн дээрх шалтгаанаар Ардчилсан намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй болж, хасагдаад байгаа юм байна.
Ардчилсан намын Их хурлаас гаргасан шийдвэрээр намын даргыг сонгох сонгуульд намын шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан, татвараа төлсөн гишүүн оролцох эрхтэй байхаар баталсан юм.
Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг тодорхой хугацаанд зохион байгуулсан. Дээрх хугацаа энэ сарын 6-нд албан ёсоор дуусгавар болж, нийт 172 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдлаа гэх мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдээд байсан ч тэднээс 15 мянга орчим нь хасагдаад байна.