Арабын болон зүүн өмнөд Азийн зарим орнуудад хүний наймаа, тэр дундаа бага балчир охидыг харилцан тохиролцож нөхөрт гаргах, бэлгийн хүчирхийлэлд оруулах, насанд хүрээгүй охид жил дараалан хүүхэд гаргах, нөхрийн талаас сэтгэлд нь хүртэл инжтэй ирээгүйнхээ төлөө бие, сэтгэлийн аймшигт зовлон зүдгүүр амсах гэх мэтээр бага насны охид амь нас, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл түгээмэл байсаар байна. Олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд үүнтэй тууштай тэмцсээр байгаа ч олон зуун жилээр ноёхрсон бурангуй үзэл, ёс заншил ил далд олон хэлбэрээр одоо ч амь бөхтэй оршсоор байгаа нь харамсалтай. Үүний нэг баримт болгож “National Geographic” сэтгүүлийн фото зурагчин Stephanie Sinclair-ийн авсан зургуудыг та бүхэнд тайлбартайгаар нь хүргэж байна.
Нөхөрт гарсныхаа дараа “би түүнийг харах болгондоо айж, үзэн ядаж, түүнээс аль болохоор нуугдахыг хичээдэг байлаа” гэж Тахани (ягаан хувцастай нь) ярьж байна. Тэрээр 6 настай байхдаа 25 настай Мажедтай гэрлэсэн юм. Энэ зурган дээр тэрээр мөн л хүүхдээрээ нөхөрт гарсан ангийн охин Гада болон түүний нөхрийн хамт Хажжах дахь уулан дахь гэрийнхээ гадна зогсож байгаа нь.
Хуримынхаа дараа толгойгоо гивлүүрээр ороож, эмэгтэй хамаатан саднуудаараа хүргүүлэн нөхрийнхөө гэрт ирж байгаа Сидаба, Галияах нар. “Хөдөөний зарим охидууд нөхөрт гарахыг гэр бүлийнхнийхээ хатуу чанга хараа, хяналтаас гарах боломж гэж үздэг” гэж Йемений Санаа хотод үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын идэвхтэн хэлсэн юм.
Баруун Йемений нэгэн тосгоны эдгээр залуухан эхнэрүүд бүрэг ичимхийн дээр асуултанд хариулах чадамжгүй. Харин боловсролын тухай яриа өрнүүлэхэд сургуульд сурч үзээгүй ч сурах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдсан юм. Тэд бүгдээрээ 14-16 настайдаа нөхөрт гарч, хүүхэдтэй болжээ.
14 настай Асиа охин Хажжах тосгон дахь гэртээ дөнгөж төрсөн охиноо угааж байна. Хажууд нь 2 настай охин нь тоглож байна. Асиа төрөлтөөс болж цус алдаар байгаа ч түүнд өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж арчлах тухай мэдээлэл, бололцоо аль аль нь байхгүй.
Өөрөөсөө олон насаар ах, байнга зодож, хүчирхийлж, дарамтанд байлгадаг нөхрөөсөө зугтаж Йемений нийслэл Санаа хотын цагдаагийн газар таксигаар анх ирэхдээ Нужоод Али гэх энэ охин дөнгөж 10 настай байсан юм. Охины өөрийнхөө эрх чөлөөний төлөө хийсэн энэ зоригтой алхам түүнийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олон улсад нэр хүндтэй болгожээ. Одоо албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан болохоор Нужоод Али гэртээ эргэн ирж сургуульдаа дахин явж эхэлсэн байна.
Афганистаны Кандагар хотын цагдаагийн албан хаагч Малалай Какар номхон хүлцэнгүй байсангүй гэсэн шалтгаанаар 15 настай эхнэрээ олон удаа хутгалсан нөхрийг нь баривчилсан байна. “Нөхөрт нь ямар арга хэмжээ авах бол” гэсэн сурвалжлагчийн асуултанд, “ямар ч арга хэмжээ авах аргагүй, зүгээр л тавиад явуулна. Энд эрчүүд бол хэмжээлшгүй эрхт хаан гэсэн хууль үйлчилдэг” гэж цагдаа эмэгтэй Какар хариулсан байна. Какар гэх энэ эмэгтэй цагдаа хожим нь Талибанчуудын гарт амь үрэгдсэн юм.
Шөнө дунд 5 настай Ражани охиныг авга ах нь хуримлуулахаар орноос нь босгон авч яваа нь. Хэдийгээр Энэтхэг улсад хүүхдийн гэрлэлтийг албан ёсоор хорьсон боловч нууцаар, үүр шөнийн заагаар хуримлуулсаар байна. Нэгэн тариачин эр хэлэхдээ энэ ёс заншил одоо ч өргөн дэлгэр үйлдэгдсээр байгаа бөгөөд бүхэл бүтэн тосгоноороо нууцыг чанд хадгалдаг гэсэн байна.
Ражани, түүний сүйт хүү хоёр ариун галын дэргэд хуримлах ёс үйлдэж байна. Тэд бараг л бие бие рүүгээ харахгүй. Сүйт охин сарын тэмдэг үзэх хүртлээ өөрийн гэртээ амьдраад, дахин ёслол үйлдэж нөхрийнхөө гэрт ирдэг байна.
Хэдийгээр Непал улсад охидыг эрт нөхөрт гаргах нь хэвийн үзэгдэл боловч 16 настай Сурита охин нарны халхавчтай тэргэн дээр суулгаад нөхрийнх нь тосгон руу авч явах замд эсэргүүцэн уйлж байгаа нь.
Энэтхэгийн Ражастан мужийн оршин суугч, 11 настай Сунил охиныг эцэг эх нь нөхөрт гаргахыг оролдсон боловч тэрээр цагдаад мэдэгдэнэ гэж айлгаснаар зогсоож чадсан байна. Одоогоор тэр сургуульд явж байгаа ч хожим нь бусдаас өөр байсныхаа төлөө олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү байх болно гэж ээж нь санаа зовж байгаагаа хэлжээ.