Биеэ чийрэгжүүлэх нь
Бие чийрэгжүүлэх олон арга буй. Нараар, усаар, агаар салхи, хөдөлгөөнөөр биеийг чийрэгжүүлж температурын цочир өөрчлөлт, элдэв ханиад томуунд амархан дарлуулаад байхааргүй болдог.
Энэ удаад усаар чийрэгжүүлэхүй буюу сауны талаар жаахан ярья.
Эрүүл урт амьдрах нь хүн бүхэнд л чухал. Үүний тулд бие маань гаднаа төдийгүй "дотроо" эрүүл цэвэр байх учиртай. Биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах олон аргын нэг нь саун юм.
Саунд тогтсон хугацаанд ордог хүмүүс ордоггүйчүүдийг бодвол ханиад томуугаар өвчлөх нь хэд дахин бага байдаг гэнэ.
Саун нь биеийг өлчиржүүлэх гайхалтай үйлчилгээтэй.
Саунд ороход эхлээд хувцсаа тайлахад 20-24 хэм, саундаа ороход 60-90 хэм, халуун шүршүүр 30-40, хүйтэн нь 15-20 орчим хэм гээд бодохоор температурын хэлбэлзэл бараг л 70 хэм болж таарна. Халуун хүйтэн ээлжилсэн шүршүүрт орох нь хамгийн сайн чийрэгжүүлэлт болдог гэдгийг зарим нь мэдэх байлгүй дээ.
Саунд орох зоригтой, орж чадаж байгаа бүхэн л орж болно. Гол нь биедээ тааруулж хугацаа температурыг нь л тохируулахад л болно.
Швейцарийн эмч нар даралт ихдэх өвчтэй хүмүүсийг саунд системтэйгээр орохыг зөвлөдөг байна. Учир нь саун нь даралтыг тогтворжуулж өгдөг байна. Нам даралттайг нь нэмэгдүүлж, ихтэйг нь багасгаж өгдөг. Зүрх муутай хүмүүст хэлэхэд эмчтэйгээ зөвлөлдөж хэдэн хэмд хэр удаан орох зэргээ мэдэж авах хэрэгтэй.
5 хүн тутмын 1 нь нойргүйдэх өвчнөөр шаналж байдаг. Шалтгаан нь олон л юм бий. Архи тамхи, кофе, хэт оройтсон хоол, стресс гэх мэт. Европын олон эмч нар саун нь нойргүйдэлд маш тустайг баталцгаадаг. Өдөр бүр саунд орцгоодог финляндчууд "уур хилэн, үзэн ядалт саунд шатаж алга болдог" гэж хэлэх дуртай гэнэ шүү. Харин сүүлийн үед манайхан гэр орондоо саун хийх нь олшроод байгаа нь тун сайшаалтай.
Саунд суух нь санаа сэтгэлийг тайвшруулна. Судас тэлснээр булчин суларч мэдрэлийн судлуудыг суллаж тайвшруулна. Иймээс л манайхан шиг стресс ихтэй, догшин авиртай, амархан уурлаж дүрсхийдэг, мах арвин хэрэглэдэг улсууд нийтээрээ саун хэрэлээд заншвал эрүүл байх энгийн бас үр дүнтэй сайхан арга бна шүү. Хэдийгээр саун нь манай заншил болсон зүйл биш ч гэсэн өөриймшүүлээд авахад төвөггүй эд шүү дээ.
1 цаг саунд сууснаар 24 цагийн турш бөөрний гадагшлуулж чадах хэмжээний хорт бодис хөлсөөр ялгарч гардаг байна. Мөн энэ хугацаанд 0.6-2кг жин хаядаг. Германы эмч Краузын ажигласнаар тогтмол саунд орж байсан жирэмсэн эхчүүд төрөхдөө 90-ээс дээш хувь нь ямар ч хундрэл бэхршээлгүй амар хялбар төрж байжээ. Мөн тэдгээр эхчүүдээс гарсан хүүхдүүд жирийн хүүхдүүдээс биеийн эсэргүүцэл илэрхий сайтай өсөж байж. Герман орос финлянд зэрэг саун их хэрэглэдэг орнуудад хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт саунд орцгоодог тиймээс ч тэд илүү чийрэг, ханиад томуунд амархан өртдөггүй байна.
Мэргэжилтний хэлснээр 3-12 насны хүүхдүүд өдөр бүр нэг удаа 3 хүртэлх минутаар 50-60 хэмийн халуунд 25% чийгшилтэйд орж байх нь маш ашигтай гэнэ.
Саунд орсны дараа юу уувал зохистой вэ гэвэл зарим нь хүйтэн ус, нөгөө хэсэг нь халуун цай уухыг санал болгодог. Хүйтэн ус нь зөвхөн амны хөндий, залгиур хавийг хөргөдөг. Харин халуун цай ууснаар бие бүхэлдээ 1-2 хэм хөрдөг байна. Энэ нь гадна талд халуун, дотроос бас халуун болохоор биеийн дотоод тохируулагч систем ажилласнаар тэгж хөрдөг байна. Харин гадаа даарж байгаад орж ирээд "халуун цай уувал бие хөрдөг гэсэн" гээд хүйтэн юм уу гэсэн үг биш шүү.
Санамж:
- Саунд нэг удаад 5-10 минут орно.
-Завсарлага 10-15 мин. Ийм маягаар өөрийн биеийн байдал зэргээс шалтгаалж өдөртөө 3-5 удаа орж болно.
-Хамгийн зөв, ашигтай хэм нь 60-70.
-Завсарлах үедээ цай, шинэхэн жимсний шүүс уух нь хамгийн эрүүл.
- Саунд орох үедээ бие болон нүүрэндээ ямар ч тос, крем түрхэж болохгүй.
- Саунаас гарахдаа эхлээд бүлээн усан, дараа нь хүйтэн устай шүршүүрт орох ёстой ба биеэ арчихгүй. Саунд орж байх үедээ их идэх, согтууруулах ундаа уух нь хортой.
Одоо шүршүүрээр чийрэгжих тухай товч хэлье.
Эхлээд халуунаар эхэлдэг. Өөрийн ордог тийм халуун шүршүүрт 30 секунд ор. Дараа нь 15-20 секунд 15-20 хэм хүртэлх хүйтэнд ор. Дахиад 30 сек нөгөө халуундаа гэх мэтээр хэдэн хэдэн удаа ор. Хамгийн сүүлд хүйтнээр дуусгах нь чухал. Дуусаад хүйтэн усанд норгосон чийгтэй алчуураар биеэ халуу оргитол нь арчих хэрэгтэй. Энэ бас заавал байх ёстой элемент шүү. Ингэснээр бээрэг, хөл гар нь үргэлж хүйтэн байдаг улсуудын цусны эргэлт сайжирч тэгж их даарахаа больдог. Анх удаа турших гэж байгаа бол эхний удаа өөртөө таарсан хэм сонговол дээр. За бүгдэд нь эрүүл бие, хүчтэй дархлаа, тайван амгалан зан авир хүсье дээ.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах