Их эрдэмтэн, номын бишрэлт гүүш Б.Ренчин бээр “Монгол хэл” хэмээх гайхалтай яруу шүлэгтээ
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би... хэмээн сэтгэлийн гүнээс дуун алдсан байдаг.
Үнэхээр ч чихэнд чимэг болон уянгалах эх сайхан Монгол хэл, үгс нь бүрэн бүтэн байхад утга, учрыг нь сайн мэдэхгүйгээс харь Хятад үгийг нялх балчир үрс маань шулганан хэлд орж байгаа нэгэн гунигтай баримтыг жишээ болгож, түмэн олондоо сэрэмжлүүлэх нь зүйтэй хэмээн үүнийг бичиж сууна. Нялх балчир үрс маань ихэнх нь эгчтэй, ахтай өсөж торнидог нь амьдралын үнэн. Харин дөнгөж хэлд орж шулганах бяцхан үрс маань бидний анзааргагүй, хэнэггүйгээс учрыг нь хэлж таниулаагүйгээс төрсөн эгчийгээ “Аниа, аниа” хэмээн шулганан дуудсаар “Аниа” хэмээх үг насан туршид нь ой тойнд нь шингэж хоцордог. Гэтэл “Аниа” гэдэг нь “Эгч” гэсэн хятад үг бөгөөд Монгол орон Манжийн дарлалд нухлуулж байсан 1700-аад оны үеэс Халхын урвагч ноёд Манжийн хүргэн болж эхэлснээс хойш Монгол хэлэнд нэвтрэн орж ирсэн байдаг. Уг нь “Эгч” хэмээх сонсголонт сайхан Монгол үг байсаар байхад одоо Монгол орон даяар хаа сайгүй “Аниа, аниа” хэмээн наалинхайтах болжээ.
Ялангуяа дэлгүүр худалдаа, нийтийн хоолны газрууд, зах зээлийн газар бүр эмнэлэг, сургуулиудад чихнээс хонх уях мэт “Аниа та юу авах вэ, аниа хариултаа аваарай, аниа та улавчаа өмсөөрэй” гэх мэтчилэн хангинах болж. Ялангуяа Нарантуул худалдааны төвөөс хүмүүс суулган Баянхошуу, Толгойт, Чингэлтэй тийш жирийлгэх жижиг оврын микро автобусанд “Аниа хойноосоо мөнгөө явуулаарай, аниагийн дүү жаахан цаашаа суучих” гэх зэргээр баахан хятад хүүхэн ороод суучихсан аятай аяглах нь үнэхээр эвгүйгээс гадна, даанч сонсголонгүй.
Монгол хэлэнд нэгэнт гүнзгий нэвтэрсэн лууван, байцаа, хуушуур, ном, дэвтэр, намтар зэрэг үгийг одоо яая гэхэв гэхэд “Эгч” хэмээх аялгуут сайхан дуудлага байсаар байхад “Аниа, аниа”-аад байхаа багасгамаар бүр Монгол хэлний үгийн сангаас түрэн гаргамаар санагдана. Ингэхийн тулд нялх балчир үрсдээ “Эгчийгээ битгий Аниа гэж дуудаж бай. Тэр чинь чиний л эгч шүү дээ” хэмээн утга учрыг нь сайтар ухуулан таниулахаас эхлэх учиртай санагдана.
Мэдээж зах дэлгүүр, гудамж талбай, эмнэлэг сургууль гээд үйлчилгээний бүх л газруудаас хангинах “Аниа”-г тийм ч амархан хөөгөөд гаргаж хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хүн болгон дотроо бодож, үр хүүхэддээ утга учрыг нь сайтар таниулвал Манжийн хүргэн болж Монгол цусыг булингартуулж байсан Халхын урвагч ноёдын үеэс эхлэлтэй энэхүү “Аниа”-г эх сайхан Монгол хэлнээсээ ядах юмгүй хөөгөөд явуулах боломжтой юм. Үзэсгэлэн төгөлдөр, ухаан саруул “Эгч” нь байсаар байхад хятад “Аниа”-гаар ч юугаа хийх вэ дээ...
2018 он.
Сэтгүүлч Д.Энхтүвшин
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505