Гурван сая Монголчуудыг бөмбөрцөг дэлхийд алдаршуулж, алтан соёмбот төрийн далбаагаа таван тивд мандуулсаар яваа алдарт тамирчдын маань тэргүүн эгнээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа зүй ёсоор хүндтэй байрыг эзэлдэг билээ. Зургаа дахь олимпод оролцох эрхээ Монголын тамирчдаас анх түрүүнд эх орондоо авч ирсэн О.Гүндэгмаа баатар болон түүний дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат нар энэ л өдрүүдэд чухамдаа онч мэргэн, оноо цэцийн дээдийг чамбайруулж суугаа.
Зургаа дахь олимпийн эрхээ өвөртлөсөн баатрыг зөвхөн олимпийн циклээр нь баримжаалан тооцоход 24 жил галын шугаман дээр, Монгол Улсынхаа төлөө цэц мэргэнээ сорьсон нь тодорхой болж байна. Гэтэл О.Гүндэгмаа эхээс төрөхдөө буу шагайж төрөөгүй нь лавтай. Тэгэхээр хүн төрөлхтний эв нэгдэл, спорт, нөхөрлөлийн их баяр олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох хэмжээний ур чадвартай болохын тулд дор хаяж таваас зургаан жил бай шагайж, хөдөлгөөнгүй, бат тогтвортой зогсох дадал эзэмшихээр уйгагүй бэлтгэл хийсэн нь тодорхой. Энэ бүхнийг тооцвол О.Гүндэгмаа хэмээх энэ эгэлхэн баатар 30 жил бууны овоо хараа шагайж, тэр хэмжээгээр галын тэргүүн шугаманд буцаж няцалгүй, бат тогтвортой зогссон байх нь.
Нөгөөтэйгүүр тэрээр нас биед хүрч яваа охин, гурван хүүгийн ээж, Монгол Улсын алдарт эх, Хөдөлмөрийн баатар алдартай жүдоч Х.Цагаанбаатарын хайрт гэргий, нэгэн халуун ам бүлийн түшиж тулах багана билээ.
О.Гүндэгмаа баатар БНСУ-ын Чанвон хотод болсон “Дэлхийн цом”-ын аварга болж, манай тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг авсан нь түүний хувьд олимпийн анхны эрхийг өвөртлөсөн хоёр дахь тохиолдол байж. Учир нь тэрээр найман жилийн өмнө Бээжингийн олимпийн анхны эрхийг эх орондоо авч ирж байсан гавьяатай нэгэн билээ. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Монголчуудын дунд одоо ч “Бээжингийн олимпод О.Гүндэгмаагийн буу гацаагүй бол” гэсэн харамсал явдаг. Гэтэл өөрийн тань буу дараа нь бас гацаж байсныг мэднэ. Риогийн олимпийн өмнөхөн энэ талаар ямар бодолтой явна вэ?
-Яах аргагүй хамгийн хариуцлагатай үед буу гацах нь буудлагын тамирчин хүнд юунаас ч илүү хамгийн хүнд цохилт байдаг. Гэхдээ та бүхнийхээ итгэл найдвар, сэтгэлийн их дэмжлэгийн хүчээр ямар ч хэцүү байдлаас чадлынхаа хэрээр гарсаар ирсэн. Хоёр дахь удаа гацахад ч мөн адил. Хамгийн гол нь гурван сая Монголчууд маань биднийг харж, хүлээж байгаа гэж бодохоор л урам зориг сэргэж, ядаргаа арилах шиг болдог юм. Юуны түрүүнд намайг энэ олон жилийн турш сэтгэл санаагаар дэмжиж, тусласаар ирсэн хамт олон, найз нөхөд болон “Алдар” спорт хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олондоо маш их баярлаж явдгаа илэрхийлье.
Миний хувьд олимпийн эрх авна гэдэг бол давах л ёстой нэг даваа, нэг алхам. Мэдээж баг, тамирчдаасаа хамгийн түрүүнд Риогийн эрхийг авсандаа их баяртай байдаг. Бидний хувьд зайлшгүй тулгараад байгаа зүйл бол буу, сумны асуудал. Дэлхийн аваргад орж байх үед миний буу баараад, бас финалын шатанд хоёр удаа гацсан ч эрхээ авж чадсан.
Буу, сумаа шинэчлэн, сайжруулах талаар дасгалжуулагч маань Эрүүл мэнд спортын сайд байсан Г.Шийлэгдамба, МҮОХ гээд бүх л гаруудад хүсэлт тавьж, ярьж хэлж л байсан. Олон удаа санал болгож, ярьж хэлж байсан даа. Энэ бол ганц миний асуудал биш, Монголын буудлагын холбоог төлөөлж, дэлхийн болон цомын тэмцээнд өрсөлдөж буй шигшээ багийн 11 тамирчны асуудал юм. 2014 онд сум маань Монгол Улсын хил дээр жил гаруй хугацаагаар саатуулагдсан. Тэгээд Засгийн газрын хурлаар орж байж нэг удаагийн лицензээр оруулж ирсэн. Сумыг хадгалах тодорхой горим байдаг. Гэтэл хил дээр хадгалалтын ямар нөхцөлд байсныг бид мэдэхгүй. Ямартай ч тамирчид маань энэ сумаар тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Тэр жилийн Дэлхийн аваргаар бид багаараа алт, мөнгө болон хувийн, багийн хүрэл медаль хүртэж байсан.
-Таны хувьд гурван сар хүрэхгүйн дараа зургаа дахь олимпдоо буудна. Үндсэндээ олимпийн их наадмын галын шугаман дээр 24 жил зогсоно гэдэг маш их хөдөлмөр, бас их хувь заяа юм даа?
-Тийм ээ. Эмэгтэй хүн зургаан олимпод дараалан оролцоно гэдэг байнгын бэлтгэлжилт, маш их хөдөлмөр, цаг зав зарсан ажил гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх. Ер нь ямар ч хүн өөр өөрийнхөө ажлаа хийгээд явдаг шүү дээ. Түүн шиг энэ бол миний ажил. Эмэгтэй хүний хувьд бол зургаан олимпод дараалан оролцоно гэдэг хамгийн гол нь ар гэртээ санаа зовох зүйлгүй, тэмцээн уралдаанд явахад бүхий л байдлаар тусалж, дэмждэг, үргэлж амжилт хүсдэг олон сайхан хүмүүсийн гавъяа юм. Хамгийн гол нь ар гэрийн бат найдвартай, амар тайван амьдралын хүчинд би ийм урт хугацаанд амжилттай сайн буудаж, олон олимпод дараалан оролцож байна гэж боддог.
-Нэгэнт эрхээ авчихсан юм чинь энэ жил ураалдаан тэмцээнийхээ тоог цөөрүүлж, хангалттай сайхан амарч чадсан уу?
-Байнгын бэлтгэлжилт чухал болохоор тэгтлээ амарна гэсэн ойлголт байхгүй. Олон улсын буудлагын холбооны дүрэмд өөрчлөлт орсон. Энэ дагуу олимпийн өмнөх жил дөрвөн Дэлхийн цом, Азийн аваргатай нийлээд таван тэмцээн болсон. Бүгдээрэнд нь л амжилттай оролцохыг хичээсэн. Хамгийн гол нь хамт олон, бусад тамирчид маань амжилттай буудаж олимпийн эрх олныг аваасай гэж хүсч байна. Надаас гадна ОУХМ Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нар Риогийн эрхээ аваад байгаа.
-Хэдийгээр дүрэм шинэчлэгдсэн ч гэсэн таны хувьд ямар нэгэн бодитой нөлөө үзүүлэхгүй биз дээ?
-Олон улсын буудлагын холбооны дүрэмд 2012 оны Лондонгийн олимпийн дараа шинэчлэгдсэн. Миний хувьд өнгөрсөн жилүүдэд олон тэмцээнд орж бараг бүгдэд нь финалд шалгарсан. Тэгэхээр шинэ дүрмийн ялгаа миний хувьд сүйдтэй нөлөө үзүүлээгүй гэж бодогдож байна.
-Сүүлийн үед дэлхийн мэргэн буудагчид нэлээн залуужиж байгаа юм шиг санагддаг. Танд тэгж бодогддог уу?
-Янз бүрийн л шалтгаан байгаа байх. Жишээлбэл олимпийн эрхээ авчихсан улсууд шинэ залуу тамирчдаа явуулдаг.Жишээлбэл “Дэлхийн цом”-д л гэхэд шинэ, залуу тамирчид олон байсан. Гэхдээ шинэ, залуу гээд тэднийг чамлаж, голж огт болохгүй. Сайн тамирчид байна лээ. Хийн буун дээр гэхэд сүүлийн үед оросын буудагчид их сайжирсан. Манай төрөлд ч гэсэн хятадын залуу тамирчин хүч түрэн орж ирж байна. Миний хувьд түүнийг танихгүй ч гэсэн олон буудагчаас шалгарч гарч ирж байгаа учраас муу тамирчин биш гэдэг нь тодорхой.
-Риогийн олимпийн бамбар дүрэлзэн асахад ерөө гурав хүрэхгүй сар үлдлээ. Мэдээж танд медалийнхаа өнгийг хувиргачих юмсан гэсэн бодол байгаа нь тодорхой?
-Бүх л тамирчид ганц л хүсэл мөрөөдөл, зорилготой амьдардаг. Мэдээж тэр нь олимпийн аварга болох. Тэгэхээр миний ч хувьд ялгаагүй, нэгэн цагт медалийнх нь оосроос атгаад алдсан тэр оргил дээрээ зогсох юмсан гэсэн мөрөөдлөөр л өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Түүнээс гадна шигшээ багийн 11 тамирчнаас дахиад ганц хоёр тамирчин ч гэсэн эрхээ аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж байна. Мэдээж олуулаа оролцвол ямар сайхан урамтай, өөдрөг байх билээ дээ. Тэр хэрээр ч Монгол Улсын баг тамирчид Риод ихээхэн амжилт гаргах байхаа гэж итгэж, найдаж байгаа.
-“Дэлхийн цом”-оор хүрэл медаль авч байсан Болгарын буудагч өөрийн чинь олон жилийн хүчтэй өрсөлдөгч мөн байх аа?
-Тэр ч бас нэлээн хэдэн жилийн өмнө гарч ирсэн тамирчин л даа. Ер нь бол “Дэлхийн цом”-д явж л байдаг юм. Яг өрсөлдөгчийн хувьд бол буудлагын спортод хэзээ ч, ямар ч хүчтэй өрсөлдөгч гараад ирэхийг таах арга байдаггүй. Бүгдээрээ зэрэгцэж зогсож байгаад бууддаг болохоор тухайн тамирчнаас туршлага, ур чадвараас гадна тэр өдрийн аз хийморь гэж нэг юм бас байдаг л даа.
-За танд Риогийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулаарай гэж хүсэн ерөөе?
-Маш их баярлалаа. Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ ээ.
E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505