1992-1993 оны үед л Орос оронд юм гэнэ. Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид нэгэн тулалдааны үеэр Оросын армийн нэг шархадсан цэргийг олзолж аваад видео бичлэг хийн ар гэрийнхнээс нь 10,000 ам.доллар долоо хоногийн дотор авчрахгүй бол түүнийг ална гэж сүрдүүлжээ.
Тэнд ажиллаж байсан Францын сурвалжлагч тэр видео кассетыг ямар нэгэн аргаар тэр цэргийн нутаг болох Приморский край буюу Приморийн хязгаарт хүргэжээ. Цэргийн аав ээж тэтгэвэртээ гарсан хөгшин ядуухан улсууд байдаг байснаас ч тэр үү уг бичлэг дээр тэр цэрэг ээж аавдаа хандсангүй, багын найздаа хандан «Серега туслаарай, авраарай!» гэж хэлсэн байжээ.
Учир явдлыг дуулж сонссон алсын тэр тосгоныхон бүгд цугларч мөнгө цуглуулан, нэгдлийн дарга өвгөн албаны ганц хуучин «Нива» машиндаа бензин дүүргэж өгөөд л Серега найзад нь карманд нь бараг 6,000 орчим ам.доллар болох рубль хийж өгөөд л замд нь үдэж дээ.
Хаа холын Приморскийн тосгоноос Чечень хүртэл ойролцоогоор 13,000 км замыг 7 хоногт амжиж туулах хэрэгтэй байдаг. Цугласан мөнгө нь нэхсэнд хүрээгүй байдаг. Ямбий хуучин машин нь замд эвдэрвэл яахав гээд л асуудал бэрхшээл дүүрэн замдаа Серега найз нь сэтгэл нь барзгар ч яаж ийгээд л багын найзаа аварна гээд л бор зүрхээрээ гарчээ.
Энэ тухай мэдээ сурважлагыг тэр үеийн «Совершенно секретно» гэдэг том сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг найзаа аврахаар яваа Серегагийн замд туслах аян өрнүүлж, түүнийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзаж, их бага гэлтгүй мөнгө төгрөг нэмэрлэж, зарим нь канистртай бензин авчирч хийж өгч, эмээ нар хайрсан пирожки, чанасан төмсөө бариад зам дээр шөнө өдөргүй хүлээж байсан гэдэг.
Орос оронд тэр үед байдал хэцуу, дээрэмчид (рэкет) бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа. Тэд ганцаараа их мөнгөтэй Серегаг хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр «Я еду друга спасать» (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэнгүүт л орос хүн болгоны доторх нандин утсыг хөндөж, бүх зам нь ногоон гэрэлтэй байдаг байсан гэжхожим нь дурсан бичжээ.
Нэг удаа шөнө замд нь хоёр дугуй нь хагарч яалт ч үгүй зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хүрээд иржээ. Серега ч одоо ингээд л өнгөрлөө гэж бодоод л байж байтал тэдний ахлагч нь «Бүү ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа төлөө яваа настоящий мужик (жинхэнэ найз-эр хүн). Бид чамд тусалнаа" гээд өөрсдийн машинынхаа хоёр дугуйг тайлж өгөөд, нэг хайрцаг водка багажинд нь хийж өгөөд явуулж байсан гэдэг.
Замд зогсдог ГАИ постын цагдаа нар бол ёстой ёслоод л өнгөрөөдөг байсан гэдэг. Тэгээд 7 хоног нь дуусч байхад Чеченьтэй залгадаг Оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Тэгээд Чечений нутаг руу орохын өмнөхөн тэндэхийн ГАИ-ын дарга хөгшин орос хурандаа Серегад «Одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож ердөө болохгүй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа. Үүнийг өмсөөд яв» гээд өмсөж байсан шинелиэ погонтой чигээр нь тайлан өгч үджээ.
Серега Чечений хил нэвтрээд л тэрнийг ирж явааг тэндэхийнхэн хүртэл сайн мэдэж байгаад гайхан баярлажээ. Хэдийгээр очих хугацаа нь 2 хоног өнгөрсөн ч тэрээр «би очиж явна шүү» гэж ёстой тэндэхийн хүн болгонд шахуу хэлсээр явжээ. Чеченийн найзыг нь олзолж барьцаалсан дээрэмчид ч бас эр хүн шиг загнаж Серегаг ирэхийг нь хүлээж, ирэхэд нь авчирсан мөнгийг нь авалгүй найзыг нь суллаад хоёуланг нь хамт уулнаас буулгаж Оросын цэргийн постны хажууд орхиод явсан гэдэг.
Тэгэж Серега багын найзаа аварч явахдаа «За друга» (Найзынхаа төлөө) гэдэг үг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьжээ.