Стиль имижийг бүрдүүлэх нь яг ямар ач холбогдолтой вэ?
Стиль имиж хоёр нь хоорондоо ямар ялгаатай вэ?
Үүнийг зүгээр л мэдрэмжтэй, загварлаг хувцасладаг хэн нэг найзаасаа, танилаасаа зөвлөгөө аваад эсвэл интернэтээс судлаад бүрдүүлчихэж болохгүй гэж үү?
Стиль имиж бүрдүүлэх нь хэнд, юунд, яагаад хэрэгтэй вэ? Стиль имиж хоёр нь юугаараа ялгаатай, түүнийг бүрдүүлснээр таны ажил амьдралд ямар ач холбогдолтой байхаас гадна яагаад заавал мэргэжлийн хүн бүрдүүлэх ёстойг энэхүү бяцхан нийтлэлээрээ хүргэхийг зорилоо.
Бид хүнийг хувцасаар угтаж, ухаанаар үддэг нийгэмд амьдарч байгаа бөгөөд стиль имиж нь тухайн хүний гоо зүйн соёл, мэдлэг мэдрэмж, ур чадварын нэгэн хэмжүүр болдог байна. Мэдээж эзэмшсэн мэдлэг, боловсрол, ур чадвар чухал ч түүнийг тань бусдад үггүйгээр илэрхийлж байдаг зүйл бол яахын аргагүй таны имиж юм. Имижийг эрдэмтэд олон янзаар тодорхойлсон байдаг бөгөөд “имиж нь хүний дотоод сэтгэлийн гадаад мөн чанар” гэсэн тодорхойлолт дээр олон эрдэмтэн, судлаачид санал нэгтэй байдаг аж.
Имиж /Image/ нь дүр төрх, донж маяг, нэр төр гэсэн утгатай ойлголт юм. Уламжлалт ойлголтоор дүр төрх, дүрс гэдгээс гадна “дүрслэл”, ”төсөөлөл”, “нэр төр”, “алдар хүнд” гэсэн утгаар хэрэглэгдэнэ. “Имиж” хэмээх ойлголтыг ХХ зууны жараад онд Америкийн эдийн засагч Болдуинг анх шинжлэх ухааны эргэлтэд оруулсан бөгөөд тэрээр “имиж”-ийг ажил хэрэгт амжил олоход шаардлагатай чухал чанар гэж тайлбарласан байдаг.
Имиж хэмээх ойлголтыг шинжлэх ухааны салбар бүр өөр өөрийн өнцгөөс авч үзэн тодорхойлжээ. Тухайлбал, А.В.Петровскийн “Краткий психологический словарь”-т “ олон нийтийн ухамсарт оршин буй тодорхой объектын хэвшиж тогтсон дүр. Мэдээж имиж хэмээх ойлголт нь тодорхой хүнд төдийгүй ямар нэг мэргэжил, байгууллага, бүтээгдэхүүн зэрэг зүйлүүдтэй холбогдож байдаг” гэж авч үзсэн байна.
Харин сэтгэл судлаачид уг ухагдахууныг дууны өнгө, хэл яриа, инээмсэглэл, алхаа гишгээ, хувцаслалт, үс засалт, хэрэглэдэг юмс, гоёл чимэг, барьсан цүнх, зүүсэн цаг зэрэг гадаад төрхөөрөө өөрийгөө бусдад илчлэн илэрхийлэх байдал гэх зэргээр ШУ-ны салбар бүр өөр өөрийн өнцгөөс авч үзэж тодорхойлдог байна.
Стиль имижийг зөв бүрдүүлэх нь яагаад чухал вэ гэдгийг ойлгоход хялбар энгийн нэгэн жишээ авч үзье. Жишээ нь:
Ажилд орох ярилцлагад хоёр хүн иржээ. Нэгдүгээр хүн нь хоёрдугаар хүнээсээ мэдлэг ур чадвараар үл ялиг дутуу хэдий ч албан ёсны зөв сайхан хувцасласан, түүний үйл хөдлөл буюу биеийн хэлэмж нь өөртөө итгэлтэй, үг яриа нь цэгцтэй байв. Харин 2-р хүн хэдий тухайн ажлын байранд тавигдсан шаардлагад бүрэн нийцсэн мэдлэг ур чадвартай хэдий ч гадаад дүр төрх буюу стиль имиждээ анхаарал хандуулаагүй байх агаад биеийн хэлэмж нь бүрэг ноомой, яриа нь эмх замбараагүй үсчсэн, өөртөө итгэлгүй байвал та дээрх 2 хүний алийг нь ажилд авах вэ? Ихэнх нөхцөлд 1-р хүнийг ажилд авдаг байна. Яагаад гэж үү, яагаад гэвэл судлаачид хүнд төрсөн анхны сэтгэгдлийн 70 хувийг гаднах төрх байдал, 30 хувийг нь дууны өнгө, ярих чадвар бүрдүүлдэг гэдгийг тодорхойлсон байна. Бие биесээ мэдэхгүй хүмүүс анх уулзаад эхний 7 секунд өнгөрөхөд харилцаж буй хүнийхээ тухай анхны сэтгэгдлийг бүрэн авдаг бөгөөд тэрхүү анхны сэтгэгдэл нь ихэнх тохиолдолд маш урт хугацааны турш таныг илэрхийлэх нэг хэмжүүр болдог байна. Тиймээс анхны сэтгэгдлийг зөв өгөх нь хамгийн чухал ч 7 секунд бол маш богино хугацаа төдийгүй зөвхөн мэнд мэдэх төдийд дуусах хугацаа юм. Харин энэ хугацаанд таны гадаад дүр төрх болон биеийн хэлэмжийг бүрэн харах боломжтой бөгөөд энэ нь таныг илэрхийлэх томоохон хэмжүүр болж өгдөг байна. Тиймээс өөрийн ажил мэргэжил, зан характер, хүсэл сонирхолд хамгийн төгс тохирсон стиль, имиж бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой зүйл гэдэг нь эндээс харагдаж байна. Ялангуяа олон нийттэй харилцдаг ажил мэргэжилтэй, нийгмийн статус, карьераа өсгөхийг хүссэн, удирдах ажилтан, ажил горилогч, бизнес эрхлэгч, урлаг соёлын одод, улс төрчид гэх мэтчилэн хэн бүхэнд зайлшгүй шаардлагатай зүйл билээ.
Стиль, имиж хоёр юугаараа ялгаатай, аль нь илүү чухал вэ?
Стиль гэж юу вэ? Style /хэв маяг/ нь хувцас загварын ертөнцөд өргөн цар хүрээтэй ойлголт юм. Загварын хөгжлийн явцад хүмүүсийн өргөн сонголт, сонирхол хэрэгцээнээс хамааран бий болон тогтсон үндсэн стилүүд байдаг. Гэвч эдгээр тогтсон стилүүдээр дагнан хувцасладаггүй байлаа ч өнгө загвар, аксессуар чимэглэл гэх мэт зүйлээр бусдаас ялгарах өөрийн хэв маяг, стилийг бий болгох боломжтой юм. Стиль нь image буюу дүр төрх гэсэн ойлголттой салшгүй холбоотой бөгөөд та өөрийн сонгон өмссөн стилийн хувцасаар өөрийн имижээ /биеэ авч явах байдал, нүүр будалт, үс засалт, зан ааш, харилцаа, нийгмийн статус г.м/ улам төгс илтгэж чадна. Эдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд нь хамааралтай ойлголт шүү.
Стилийг тун энгийнээр тодорхойлбол таны бие галбир, гадаад дүр төрх, амьдралын хэв маяг, зуршил, сонирхолтой нийцэх хамгийн моодны хувцас, цүнх, чимэглэлийг ухаалгаар сонгохыг хэлнэ. Энэ бол юуны түрүүнд, тухайн цаг улиралд нийцсэн, таны оролцож буй үйл явдал, арга хэмжээнд тохирсон, зан чанар, гадаад байдал нийгмийн статусыг тань тодотгож, сэтгэл санааг тань өргөсөн өөр хоорондоо зохицсон тийм л донж маяг бүхий гутал хувцас, аксессуарыг хэлнэ.
Стилийг дотор нь Luxury, Classic, Elegant, Vintage, Chic, Modern, Casual, Romantic, Office, Sport, Hippie, Street гэх зэргээр олон ангилдаг. Эдгээр ангилал чиглэл бүр нь мэдээж өөр өөрийн хэв маяг, донжийг илэрхийлдэг.
Хүн бүр өөрийн амьдралын явцдаа тодорхой нэг стилийг бий болгон бүрдүүлсэн байдаг ч ихэвчлэн олон хүчин зүйлээс шалтгаалан өөрийн хүсэл сонирхол, мөрөөдөл, ажил мэргэжил, нийгмийн статусаасаа тэс хөндлөн стиль бүрдүүлсэн байдаг нь харамсалтай. Мэдээж таныг илэрхийлэх хамгийн чухал зүйл учир хүсэл сонирхол, зан характер, бие галбир, ажил мэргэжил, нийгмийн статус гэх зэрэгтээ тохируулан өөрийн стилийг төгс бүрдүүлэх нь хамгийн чухал зүйл юм. Эцэст нь хэлэхэд Style ба Image нь нэг зоосны хоёр тал шиг салшгүй холбоотой зүйл юм.
Харин одоо харин стиль имиж бүрдүүлэхдээ зүгээр л хэн нэгнээс зөвлөгөө аваад эсвэл интернэтийн мэдээ мэдээллээс судлаад бүрдүүлэлгүй яагаад заавал мэргэжлийн хүнд хандах ёстой вэ гэдгийг тайлбарлая. Мэдээж найз нөхдийн зөвлөгөө, интернэт дэх мэдээллийг үгүйсгэх гээгүй бөгөөд энэ зөвхөн сонирхогчийн түвшний мэдээ мэдээлэл, мэдлэг ур чадвар гэдгийг тайлбарлах нь илүүц биз ээ.
Тухайн мэргэжлийн эксперт гэдэг нь мэдээж мэдлэг ур чадварын хувьд арвин туршлагатай байх бөгөөд таны юу хүсээд байгааг хялбархан ойлгохоос гадна стиль имижийг тань ажил мэргэжил, зан характер, хүсэл сонирхол, бие галбир төдийгүй амьдралын тань хэв маягтай цогцоор нь уялдуулан таны хамгийн төгс хувилбарыг мэргэжлийн түвшинд бүтээх болно. Ингэснээр та хэн нэгэн найз, танилын өгсөн зөвлөгөөний туршилтын туулай болохгүй байхаас гадна интернэтэд байх ерөнхий мэдээ мэдээлэлд цаг заваа үрэхгүй, таарсан таараагүй, зохисон зохиогүй хувцас худалдан авахын тулд цаг зав, хөрөнгө мөнгөө үрэхгүй байх давуу талтай.