Олон жилийн өмнө намайг төрөх эмнэлэгт хэвтэж байхад манай палатны нэг эмэгтэй дээр нөхөр нь байнга ирдэг байж билээ...
Тэр үед бид “эмэгтэй” гэж дуудуулахад дэндүү залуухан байж. Гэсэн ч биднийг “эмэгтэй” гэж дууддаг байв... Эмнэлэгт угаасаа л тэгдэг юм хойно. Нэг палатанд хэвтэх бид арванхоёулаа хэвлий дэхь үрээ эсэн мэнд бойжихыг хүлээн яс хэвтдэг байв.
Эмнэлгийнхэн ч биднийг “хэвтрийнхэн” гэдэг байв. Бидний дунд нэг том гэдэстэй Света гэдэг бүсгүй байлаа. Бид бүгдээрээ л том том гэдэстэй, бүгдээрээ л царай алдчихсан байсан л даа (шүршүүр, толь байгаагүй болохоор). Гэхдээ Света дэндүү царай муутай, том биетэй, дээр нь хаван ихтэй байсан юм.
Манай палат нэгдүгээр давхарт байрладаг байлаа. Нөхрүүд эхнэрүүдээ эргэж ирээд, цонхны тавцангийн гадна талаас ярьж зогсдог байв. Тэр үед гар утас гэгч зүйл байдаггүй байсан тул бүсгүйчүүд бид нөхрүүдээ ирэх болов уу яах бол? хэмээн дор бүрнээ түгшээстэй. Заримынх нь нөхрүүд ирж байгаагүй. Ажил ихтэй, дээр нь эмнэлэг хотоос нилээд зайдуу оршдог байсан болохоор арга ч үгүй биз ээ...
Бүсгүйчүүдийн зарим нь шөнө болохоор л чимээгүйхэн уйлдаг байж билээ. Эмнэлгийн орчин гэдэг цаанаа л нэг гуниг төрүүлэм шүү дээ. Нөхрүүд нь эргэж ирэхэд өдөр нь түгшэж, шөнө нь уйлж байсан бүсгүйчүүд бөөн хайр халамж болон хувирдагсан. “Чи минь хоол цайгаа идэж уусан биз дээ? Угаагаад индүүдээд тавьчихсан цамцаа олов уу?” гээд л...
Света дээр улаан шар үстэй, намхан туранхай, кепка өмссөн залуу ирдэг байлаа. Бага зэрэг майга, дээр нь их царай муутай. Тэр залуу өдөр болгон, бүр өдөр болгон шүү! Гадуур нь хуучин муу бүтээлгэнд баадагнан ороосон жижиг кастрюль барьчихсан ирдэг байв. Заримдаа чанасан төмс, заримдаа гоймонтой шөл авчирдаг байсан нь халуунаараа байдагсан. Залуу үйлдвэрт ажилдаг бөгөад ажлаа тараад ирэх гэсээр байтал эргэлтийн цаг хэдийнээ дууссан байдаг байлаа. Гэхдээ бид чинь нэгдүгээр давхарт байсан юм чинь. Залуу кастрюльтай хоолоо Светад чимээгүйхэн дамжуулан өгч, Света нь ч авчирсан хоолыг нь чимээгүйхэн иддэг байв. Заримдаа намайг хоолоороо дайлдаг байлаа (нөхөр маань цэрэгт явчихсан байлаа).
Дараа нь өнөөх үг дуу цөөтэй, улаан шаргал үстэй залуу авчирсан кастрюль, бүтээлэг хоёроо хамж аваад буцаад явдаг байв. Замдаа хоёр цаг явдаг байсан гэдэг. Света тэр хоёрыг хоорондоо ярьж байсныг би санахгүй байна. Дараа нь би эмнэлгээс гараад явсан...
Тэгээд тэр Светатай би 15 жилийн дараа гудамжинд таарах нь тэр. Гурван хүүхдийн ээж болсон тэрээр дахин бие давхар болжээ. Тэр ямар сайхан эмэгтэй болоо вэ! Махлаг ч гэлээ их сайхан. Бас гоё машинтай. Хүүхдүүд нь ч бас их хөөрхөн (Света өөрөө тэгж ярьсан юм). Амьдрал нь ч цэцэглэж байгаа гэнэ. Машиных нь жолооны ард Светагийн нөхөр, өнөөх улаан үст залуу байна. Тэрээр эмнэлэгт барьчихсан ирдэг байсан өнөөх хөнгөн цагаан кастрюль шигээ царай муутай хэвээрээ. Гэхдээ эр хүн гаднаасаа сайхан байх нь огт чухал биш. Дотоод сэтгэл нь халуун дулаан байх л чухал. Яг л дотор нь хийсэн төмс халуунаараа байдаг кастрюль шиг... Тэгээд тэр сэтгэл нь хоёр цаг замд явсан ч, хамаг амьдралаа хамт туулсан ч халуунаараа байх нь хамгаас чухал...
Орчуулсан: Өлзийбатын Уянга