БНСУ даяар өнөөдөр өглөөний 08 цаг 40 минутад 2021 онд их, дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт эхэллээ.
Уралдаант шалгалтын өдөр бол тус улсын хувьд хамгийн чухал өдөр бөгөөд орон даяар шалгалттай холбоотой мэдээгээр "амьсгалж" байгаа нь энэ өдөрт олон арван жилийн турш үндэсний ямар ч том баяр, дурсгалт өдрөөс илүү ач холбогдол өгдөгтэй холбоотой.
Энэ өдөр шалгалт авч буй сургууль, албан байгууллагуудын ойр орчмоор онгоц, хүчтэй дуу чимээ гаргадаг техник хэрэгсэл өнгөрөх, засвар үйлчилгээ хийх, элдэв дуу чимээ гаргахыг хатуу хориглодог.
Мөн метро, автобусны буудал дээр нэмэлт такси гарган зөвхөн шалгалтын цагаасаа хоцорч байгаа сурагчдыг хүргэж өгдөг бөгөөд цагдаагийн эргүүлийн машинууд ч шалгалтаасаа хоцорсон сурагчдыг дохио хангинуулан шуурхай хүргэж өгөх зэргээр такси үйлчилгээг давхар хийх тохиолдлууд гардаг юм.
Энэ жилийн хувьд Солонгос улс даяар 495 мянга орчим сурагч “Коронагийн 3 дахь давалгаатай” зэрэгцэн элсэлтийн шалгалт өгч байна.
Өмнөд Солонгост Ковидын шинээр илэрсэн халдварын тоо сүүлийн долоо хоног өдөрт 500-гаас буухгүй байгаа ч элсэлтийн шалгалтаа хойшлуулсангүй.
Эх сурвалж: Yonhap
Д.Гансүх