Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр (Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар тав, Цагаан сараар гурав, Шинэ жилээр нэг, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр нэг, Хүүхдийн баяраар нэг, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр нэг, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр нэг, Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр нэг, Бурхан багшийн Их дүйчин өдрөөр нэг) бүх нийтээр амардаг.
Жилийн 365 хоногийн 260-д нь л ажил хийх боломжтой манай улсын хувьд 15 гэдэг ахадсан л тоо. Гэхдээ энэ удаад амралтын тоо биш, шалтгаантай танилцъя.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр
Хамгийн ойрын тэмдэглэлт өдрөөс эхэлье л дээ. Өнгөрсөн баасан гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохиож монголчууд бид бүх нийтээрээ амарлаа. Хэдэн жилийн өмнөх яг энэ өдөр тохиолдсон зүйлийг би ерөөс мартдаггүй. Ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан хүү “Ээжээ өнөөдөр “Halloween”-ы баяр болоод амарч байгаа юм уу” гэхэд голоор нэг юм зурах шиг л болсон. Үргэлжлүүлэн тэр хүү сүнсний баярын тухай ээждээ илүү ихийг ярьж өгсөөр бид зам салж одсон юм. Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг мэдэхгүй атлаа харийн орны сүнсний баярын тухай нэгд нэгэнгүй мэдэж байгаа хүүг буруутгах аргагүй. Энэ өдрийг таниулж чадаагүй аав, ээж ер нь бурууг хайвал бид бүгдээрээ л буруутай.
Хүн төрөлхтний түүхэнд хэдэн мянгаар тоологдох хаад байсан ч тив дамнасан их гүрний үндсийг тавьж, дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн нь цөөн. Харин монголчууд бидэнд тэр цөөн хэдэн хаадынх нь хамгийн агуу ганц нь заяажээ. Тиймдээ ч Чингис хааныг АНУ-ын “Вашингтон пост” сонин “Хоёрдугаар мянганы суут хүн” хэмээн зарлаж, 2005 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гаргасан. Уг нь бид чинь ийм л дэлхийд данстай хаантай, дэлхийн түүхийн нэгэн үеийг “Монголын үе” гэж тодорхойлуулж явсан түүхтэй ард түмэн юм шүү дээ. “Мянганы суут хүн” гэдгийг таниулж, илүү ихийг ойлгуулж чаддаггүй юм аа гэхэд Монголын түүхэн дэх хамгийн аугаа хаан энэ өдөр мэндэлсэн болохоор нийтээрээ амардаг юм гэдгийг хүүхдэдээ хэлээд өгчих л хэрэгтэй.
Гэхдээ жил, жилийн энэ өдөр “Чингис хаан” одонг гардуулж, хэдэн бөх барилдас хийгээд өнгөрөөдөг улиг байдлаа өөрчлөхгүй бол цаашдаа ч энэ байдал үргэлжилнэ. Үгүйдээ л хүүхэд багачууддаа үзүүлчих хааныхаа тухай ганц сайхан хүүхэлдэйн кино, үндэсний бахархлыг нь сэрээх тийм нэг уран сайхны кинотой болчихоод, хэдэн он улиравч уйдалгүй, энэ л өдөр, тэр л киногоо улс нийтээрээ үзэж, омогшиж суумаар байх юм.
Бүгд найрамдах улс тунхагласан өдөр буюу Улс тунхагласны баяр
МАН Засгийн эрх авахаар “сэргэдэг”, АН засаг тэргүүлэхээр хасагдчихдаг ийм нэг “ярвигтай” баярын өдөр. Хамгийн сүүлд 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар тэргүүтэй нэр бүхий гишүүд өргөн барьж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт орж нийтээр тэмдэглэх болов. Уг нь хуулиндаа Бүгд найрамдах улс тунхагласан өдөр хэмээдэг ч “Улс тунхагласны баяр” хэмээн ярьж заншсан.
Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг арваннэгдүгээр сарын 26-ны ач холбогдлыг товчхондоо тайлбарлавал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд монголчууд анхдугаар Үндсэн хуулиа өлгийдөн авч, хаант засаглалыг халж, Ардын Бүгд найрамдах улсыг тунхагласан юм.
97 жилийн өмнөх энэ өдөр монголчууд бид Монгол Улс нь Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, улс шиг улс болон хөгжих эхлэлээ тавьсан түүхтэй. Хэрэв энэ өдөр Үндсэн хуулиа батлаагүй, улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлаагүй бол Монгол орны хойшдын хувь заяа хаашаа эргэж, үйл явдал хэрхэн өрнөх байсныг таахад бэрх юм.
Улс орон бүр тусгаар тогтнолоо зарлахдаа хамгийн түрүүнд Үндсэн хуулиа баталж, эхний заалтад “Тусгаар тогтносон улс мөн” гэж зарласнаар хууль эрх зүйн хувьд баталгааждаг. Энэ дүрмийн дагуу “Бид тусгаар тогтносон Монгол Улс” гэж дэлхийгээр нэг зарлавч дэлхийн аль ч улс тоохгүй цаг үед энэ нь түүхэн онцгой үйл явдал байсан юм.
Үндсэн хуультай болж, тусгаар тогтнолоо зарласан ч дэлхий бидний тоогоогүй. Гэхдээ 1992 оны Шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, гавьяат хуульч Б.Чимидийн хэлсэнчлэн “Алганд багтах Монгол Улс”-тай болсон юм. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ийм л учиртай.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр
Бүх нийтээр амардаг өдөр гэдэг нь ч мэдэгдэлгүй, жил бүрийн шинэ жилтэй холилдон уусч “алга болдог” арванхоёрдугаар сарын 29-ны өдөр бид уг нь улсаараа амардаг. Бас л нам эвслийн “зовлон”-той өдөр. АН гарахаараа сэргээдэг, МАН гарахаараа “алга болгодог”. Уг нь аль нэг нь өмчлөөд, үгүйсгээд “солиороод” байх биш эх орон даяараа дурсан санаж, хүндлэл үзүүлэх ёстой л өдөр юм. Учир юу вэ гэвэл энэ өдөр монголчууд Манжийн эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнол, төрт ёсоо дахин сэргээсэн түүхэн өдөр юм.
1636 онд Өвөрмонгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол Манжийн эрхшээлд орсон. Өвөрмонголчууд эзлэгдсэн 1636 оноос хойш тооцвол 275 жилийн дараа харийн дарлалд 300 шахам жил зовсны эцэст монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолтойгоо золгосон өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29. Дэлгэрүүлж тайлбарлавал, одоогийн Улаанбаатар хот буюу Их хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан.
Гэхдээ Монголын тусгаар тогтнолын энэ их үйл хэрэг нь хөрш орнуудын хэт нөлөө, ашиг сонирхол, хуйвалдаанаас шалтгаалан 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж улмаар тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн эхлэл байсан гэж түүхчид үздэг. Энэхүү тусгаар тогтнолын үйл хэргийг Монгол Улсын төрөөс улс орны хэмжээний үндэсний баяр болгон тэмдэглэх шийдвэр 2006 оноос эхлэн гарч 2011 оноос нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр болгосон түүхтэй. Уг нь эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг хайрлаж явдаг монгол хүн бүрийн хүндэлмээр өдөр байгаа биз.
Даанч мэдэлгүй, тоолгүй өнгөрөөх нь элбэг. Үгүйдээ л эх орон, элгэн садан, тусгаар тогтнолынхоо төлөө үр удмаараа хядуулсан Чингүнжавын түүхийг мэддэггүй нэгэндээ хэлээд өг. Манжийн эсрэг бослого гаргасан Чингүнжавыг 80 гаруй настай эмэг эх, 22 настай охин дүү, өөрийн охин, өргөмөл хөвгүүн нарын хамт барьж, Их хүрээний ойролцоо сууж байсан эхнэр, ууган болон удаах, отгон хүү, нялх гурван охин зэргийг нь баривчлан гинжилж Бээжинд аваачин хоёр хүүгийн хамт цаазлахаас өмнө нүдэн дээр нь гэр бүлийн бусад гишүүдийг хороодог. Нялх үр, эмэг эхийг нь нүдэн дээр нь хороогоод барахгүй, түүнийг 81 улайсгасан зоосны нүхээр махыг цувуулан гарч ирсэн махыг нь огтолж тамлан алсан түүхтэй. Тэр эх орондоо эрх чөлөө л олж ирэх гэж тэмцсэн юм шүү дээ. Харийн орны дарлалд 300 шахам жил тамлуулсан түүхээ ганцхан энэ л өдөр санаж, сэрье.
Элбэг хангалуун, эрх чөлөөт энэ орон минь нэг л өглөө гэнэт “өглөөний цай” шиг хүрээд ирээгүй юм шүү.
Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын ойн баяр
Нийтээрээ тэмдэглэх өдрүүдийн дотор хамгийн олон өдөр амардаг баяр. Бөхөө үзэж дуусаад аль эсвэл үзэнгээ Монголоороо нэг хэрэн хэсдэг өдрүүд гэж тодойрхойлж бараг болохоор. Хоёр л өдөр амардаг байсныг 2014 онд тав хоног болгон өөрчилж, амралтын өдөр таарвал ажлын өдөр шилжүүлж байгаад ес хоног “жаргадаг” болов. Ардын хувьсгалын баярыг энгийнээр тайлбарлавал, 1919 он гэхэд Хятад цэрэг Монголыг эзэлж, Автономит эрхээ бүрмөсөн алдаж, улмаар Хятадын гамин, Оросын цагаантнуудын давхар түрэмгийлэл Монгол орныг нөмрөөд байлаа. Энэ цаг үед жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан эх орончид Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах эрх чөлөөний тэмцлийг эхлүүлсэн юм. Энэхүү эрх чөлөөний тэмцлийг хожмоо ардын хувьсгал хэмээн нэрийдсэн. Энэ хувьсгалыг Монголын түүхийн тайлбар толь “Монгол толь”-д “1921 оны хувьсгал Монгол орныг мухардлаас гаргах түүхэн эргэлтийг хийж, үндэстэн урагшлан хөгжих шинэ цагийн эхлэл болсны учир олон түмний сэтгэлд ардын хувьсгал нэрээр мөнхрөн, ХХ зууны Монголын гол үйл явдлаар тодорчээ” хэмээн тодорхойлсон. Мөн л эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолтой холбоотой түүхэн өдөр байгаа биз. Ийм л түүхэн өдрүүдийг тэмдэглэж, ингэж бид нийтээрээ амардаг байх нь.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл