Авьяаслаг сэтгэл зүйч, бизнес коуч Наталья Грэйс “Грэйсийн хуулиуд” нэртэй номондоо уншигч олонд амьдралын ухаан нэмэхүйц олон хуулийг тайлбарлажээ. Тэдгээр хуулиас заримыг нь түүвэрлэн толилуулж байгаа нь танд яг одооноос ашиг тусаа өгч магад.
Хоослохуй (тэглэхүй)
Та гэртээ ядраад ирэхдээ тухайн өдөр хийхээр төлөвлөсөн 28 ажлынхаа дөнгөж 14-ийг нь амжуулсан байвал, бас та өмнөх хоосон орон зай руу гөлрөн хөдөлгөөнгүй суугаа бол өөрийгөө "үр дүнгүй" хэмээн бүү зэмлэ! Таны уураг тархи өгсөн тушаалуудыг чинь зогсоо зайгүй биелүүлэх боломжгүй. Тархи чинь ч бас өөрийгөө анхаарах хэрэгтэй. Тэр таны энд тэндээс хамж хураасан мэдээллүүдийг цэгцлэх ёстой шүү дээ. Энэ үед гаднаас ямар ч мэдээлэл орж ирэх ёсгүй. Энэ үед тархи өөрийгөө цэвэрлэж байдаг. Чухам үүнийг л хоослохуй (тэглэхгүй) гэнэ. Тариалангийн талбайг амраалгүй, долоон жил дараалан ямар нэгэн ургамал тариалбал хөрс нь ямар ч шим тэжээлгүй болдог шүү дээ, түүний нэгэн адил.
Хуурамч сайхан сэтгэл
Бусдын асуудлыг шийдвэрлэж байгаагаа бид тус хүргэж байна гэж боддог. Үнэн хэрэгтээ бид асуудлыг нь улам даамжруулж байдаг. Архинд орчихсон нэгнийг эмчилгээнд хүчээр дагуулан явахдаа бид түүний ч зовлонг нэмж, өөрийнхөө ч цагийг дэмий үрж байдаг. Нэг л өдөр тэр хүн дахин ууж эхэлнэ... харин бид “энэ хүн биднээс тусламж гуйсан билүү?” гэж бодохын оронд түүнийг “хүний тус мэддэггүй амьтан” гэж боддог болно. Хүн асуудлаа ӨӨРӨӨ л шийдвэрлэдэг байх ёстой. Асуудал шийдвэрлэх арга замууд нь нэмэгдэх тусам тухайн хүн өсөж байдаг.
Жижиг юмс аливааг илүү тод харуулдаг
Хүн жижиг юман дээр өөрийгөө яаж харуулна яг л тийм байдаг. Тэрээр жилд нэг удаа хаан шиг өгөөмөр байж болох ч өчүүхэн зантай гэдэг нь өдөр тутмын жижиг сажиг юман дээр илүү тод харагддаг.
Үр хөврөлийн хууль
Юмс үзэгдэл, үйл явдал бүхэн үр хөврөлөөс эхлэлтэй. Тэдгээр нь амьгүй хэдий ч өсөж үржих бүрэн чадвартай. Жишээ нь, тосгуурт ганц аяга угаалгүй орхиход л бохир аяга таваг овоороод л ирдэг. Шинэхэн будсан хашаан дээр нэг саваагүй нөхөр нэг юм сараачихад л төд удалгүй тэр хашаа тэр чигээрээ эрээн мяраан болно. Энэ хуулийг яаж ашиглах вэ? Сөрөг юмс үзэгдэл, үйл явдлыг үр хөврөлийн шатан дээр нь таних нь чухал. Муу муухай бүхнийг бага дээр нь арилгаж байх хэрэгтэй. Цасан ширхэгийг хайлуулах нь цасан нурангийг зогсоохоос амар шүү дээ.
Хэтрүүлснээс багадуулсан нь дээр
Энэ хууль бүхий л зүйл дээр үйлчилнэ. Жишээ нь, та арга хэмжээн дээр үг хэлж байна гэж бодъё. Тэгвэл тэнд байгаа хүмүүсийг залхаж эхлэхээс нь өмнө үгээ дуусгах хэрэгтэй. Хэн нэгэнтэй болзож байгаа бол тэр хүнээсээ урьтаж явбал зүгээр. Айлд зочилж байгаа бол айлын хүмүүсийг “энэ хүмүүс хурдан яваасай...” гэж бодож эхлэхээс нь өмнө явж бай. Хэтрүүлснээс багадуулсан нь дээр гэдгийг санаж яв.
Хамтын зүтгэл
Хамт хөллөсөн хос морь 15 тонн ачаа хөдөлгөх чадалтай. Харин дангаараа бол ердөө л 3 тонныг. Тиймээс аливаа ажилд дор хаяж хоёроороо зүтгэвэл илүү үр дүнтэй.
Шидэт үгийн нууц
Шидэт үг чинь “гуйя” биш харин “ҮГҮЙ” юм билээ шүү. Боловсон зангаасаа болоод дэмий хоосон ярианд оролцохгүй байх. Мөнгө зээлдүүлмээргүй л байгаа бол зээл өгөхгүй байх. Миний мөнгийг буцааж өгөх болов уу яах бол гэж санаа зовж байснаас огт зээлдүүлэхгүй байсан нь дээр. Мөнгөн дээр бол боломжоороо зүгээр л өгчихсөн нь дээр байдаг, зээлдүүлэхийн оронд. Гёте “Анд нөхрөө алдья гэвэл түүнд мөнгө зээлдүүл” гэсэн байдаг. Би нэгэн сонирхолтой феномен олж харсан. Хүн аливаа зүйлд үндэслэлтэйгээр татгалзах үед түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, мөн өөрийгөө хүндлэх хүндлэл нь нэмэгддэг. Гэтэл ихэнх хүмүүс "үгүй" гэхээсээ айдаг. Яагаад гээч? Бусдад таалагдахаа больчихно гэхээс тэд айдаг! Бүх хүнд таалагдах боломжгүй. Таныг “үгүй” гэж хэлснээс болж бусдад төрөх таагүй мэдрэмжийг тайвнаар хүлээн авч сурах нь чухал. Дээр нь “үгүй” гэж хэлж сур.
Ачааны хууль
Хүн бүрт (ноён) нуруунд нь таарсан ачаа оногддог.
Орчуулсан: Өлзийбатын Уянга