Нэг худалдаачин хотын худалдааны зах руу явах замдаа 800 зоостой түрийвчээ гээжээ. Тэр үед нэг морь л гэхэд 40 зоосны үнэ хүрдэг байв. Тэгэхээр 20 морь худалдаж авах мөнгө гэхээр хэр их гэдэг нь ойлгомжтой байгаа байх.
Зоос дүүрэн түрийвчийг тосгоны мужаан олоод гэртээ авчирч, хэнд ч хэлэлгүй нуужээ. Эзэн нь олдвол өгнө, ямар ч байсан хүлээсэн нь дээр.
Бүтэн сайны сүмийн цуглаан дээр хамба лам 800 зоостой түрийвч алдагдсан тухай зарлаж олж өгсөн хүнд 100 зоосны шагнал өгөх тухай хэлжээ. Мужаан ч үнэнчээр түрийвчийг авчирч өгөв.
Хамба лам худалдаачныг дуудлаа. Гэвч худалдаачин мөнгөө тоолж аваад амласан 100 зоосны оронд 5 зоос өгчээ. Мөн араас нь
- Чи угаасаа байсан мөнгөний 100 зоосыг нь авсан байна. Түрийвчинд 900 зоос байсан юм гэж хэлжээ.
Харамч худалдаачин заль хэрэглэж хэмнэх санаа агуулжээ. Мэдээж мужаан дургүйлхэж
- Би нэг ч зоос аваагүй гэж хэлжээ.
Хамба лам мужааныг үнэхээр үнэнч хүн гэдгийг баталж байсан ч худалдаачин зөрүүдэлсээр байлаа.
Маргаан удаан үргэлжлэх шинжтэй болсон тул хотын шүүгчид очжээ. Хэргийг хэдэн өдөр судалсны эцэст шүүгч хотын иргэдийн өмнө шүүх хурал зарлав.
Энэ маргаан ч оршин суугчдын анхаарлыг ихэд татсан байв.
Шүүгч эхлээд худалдаачнаас асуулаа.
- Чи түрийвчиндээ 900 зоос байсан гэж тангараглаж чадах уу?
Худалдаачин нүд нь ч анивчилгүй тангараглав.
Дараа нь шүүгч мужаанаас асуув.
- Чи 800 зоос олсон гэдгээ тангараглаж чадах уу?
Шударга мужаан ч мөн тангараглав.
Үүний дараа шүүгч эцсийн шийдвэрээ танилцуулав.
- Тэгэхээр мужааны олсон түрийвч худалдаачны түрийвч биш байна. Учир нь тэрний түрийвчинд 900 зоос байсан. Харин олдсон түрийвчинд 800 зоос байсан. Тэгэхээр мужаан олсон түрийвчтэй мөнгөө авч болно гэсэн үг. Харин худалдаачин алдсан 900 зоостой түрийвчээ үргэлжлүүлэн хайх хэрэгтэй болжээ.
Ийнхүү худалдаачин шударга бус, шуналт сэтгэлээс болж хохирч үлдсэн байна. Бусдыг залилах сэтгэл хэзээ ч зөв үр дүнд хүрдэггүй.