Ромын Пап лам Франциск өнгөрсөн ням гарагт Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас Өмнөд Судан руу нисэж байхдаа онгоцон дотор хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр өвдөг нь өвдсөн хэвээр байгаа ч гадаадад хийх айлчлалуудаа үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдэхдээ ирэх 9-р сард Монголд айлчилна гэж найдаж буй талаараа дурджээ.
Ромын Пап лам Франциск Монгол улсад айлчилсан тохиолдолд энэ нь түүний айлчилсан Ази тивийн анхны улс болох юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс эрүүл мэндийнх нь байдлын талаар мөн хийхээр төлөвлөсөн айлчлалуудынх нь талаар асуужээ.
Өвдөгний архагшсан өвдөлтийн улмаас Пап лам Франциск сүүлийн хэдэн саруудад тэргэнцэрт сууж, таяг тулахад хүрсэн ба хэвлэлийн бага хурлаа айлчлалуудынхаа хооронд онгоцон дотор хийх болсон юм. Тэрээр, "9-р сарын 29-нд би Марсэл хотод айлчилна тэндээсээ Монгол руу ниснэ. Гэхдээ энэ яг тодорхой болоогүй байгаа." хэмээн ярьжээ.
Түүний Францын Марсэл хотод хийх айлчлал нь өмнө нь яригдаж байсан ч Монгол улсад айлчилна гэсэн нь гэнэтийн мэдэгдэл болж, олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
Өнгөрсөн 8-р сард Пап лам Италиас гаралтай Жиоржо Марэнгог Монгол дахь Ромын Католик сүмийн тэргүүнээр томилсон ба тэрээр Монголд томилогдсон анхны кардинал болжээ.
Монгол улсад 1500 орчим католик шашинтан байдаг ч тус улс нь Хятадтай хиллэдэг нь Ватиканы хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм.
Ватиканы хувьд коммунист Хятад улс дахь католик сүмийн нөхцөл байдлыг сайжруулахаар оролдсоор байгаа билээ.
86 настай Пап лам Франциск Католик шашны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш нийт 40 улсад айлчлаад байгаа ба ирэх жил Энэтхэгт айлчилж магадгүй аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn