2024 онд манай улсын ихэнх сумуудын 100 жилийн ой тохиож байгаа юм. Тэгээд яг үнэндээ 100 жилийн ой хийж байгаа нь энэ гээд баахан наадам л хийж таарна. Тэр мэдээж. Хотоос баахан машинтай хүмүүс давхиж очоод, ердөө унаа тэргээрээ гайхуулцгаах гэж байгаа мэт саагалдаад л хүн амьтан дайрчих гэсэн сагсуучууд газрын хөрс эргүүлчих гээд бөөн тоос шороо босгоно.! Тэгээд хүн толгойтой бүхэн морь дагацгаах гэж муйхарлана. Нэг машинаас ямар их тоос шороо гардаг билээ дээ! Саяхан манай сумд 10 хан тооны соёолон морь уралдаад, 60 машин дагаж байна ч гэх шиг ой гутмаар юмс дуулдсан. Хэрэв зээ, сумын 100 жилийн ойг зохион байгуулах эрх мэдэл надад ирдэг сэн бол, тэс өөрөөр хиймээр байна.
- Социалист нийгмийн үе шиг хүн эмнэлгийн тэрэг, мал эмнэлгийн тэргэнд морины уралдаан хариуцсан комиссоос өөр нэгээхэн ч тэрэг техник дагуулахгүй. Зурагтийн бичлэг хийх шаардлагатай гэж үзвэл нэг хоёрын зэрэг тэрэг явж байж болно. Гэхдээ морины урд орж давхилдахгүй алсуур явахыг шаардана.
- Морио унаж Монгол тэрлэг хувцасаа өмсөж наадацгаах уриа зарлаад, хамгийн сайн оролцсон багийг шалгаруулаад шагнана.
- Эрлийз, хурлийз цустай адуу нэгийг ч бүртгэхгүй.
- Бөхийн өргөөнд нэг давахгүй хэрнээ сумдаа очихоороо, нэрээ дуудуулаад гарч ирдэггүй, барилдахаараа маргаад зогсчихдог, манай тэрний минь хүүхдийг цолонд хүргэх гэсэн юм, эсвэл манай тэр түрүүлэх байсан чинь, энэ түрүүлчих гээд байна энээ тэрээ гээд наадамчдаа хүндэлдэггүй солиотой бөхөнцөрүүдийг шууд хасна.
- Гол усны эхээр хорхог боодог хийж архи гудардагийг тас хорино. Хэрэглэсэн 00 цаасаа хөглөрүүлж хаяхыг хориглоно. Салхинд хийсч ирээд хацар нүүрэнд наалдчих гээд, тогоо шанага руу орчих шахаад болдоггүй юм. 00 ын цаасаа газарт булах юм уу, эсвэл "чулуугаар арчицгаах" хэрэгтэй! Монголчууд хэзээ тийм их 00 цаас хэрэглээд байсан юм. Чулуугаар арчих чинь харин ч эрүүл мэндэд нь хэрэгтэй.
- Сумын төв дээр хэрэгтэй хэрэггүй хаа газрын доншуурчид очиход дарга нарын даалгавараар хэдэн шөнө өдөр нойргүй, чөлөө завгүй хөлсөө урсгаад л хоол хийгээд байдаг, тэгээд ямар ч үнэ хүндгүй маарьгар хар авгайчууд байдаг л даа. Хөөрхий тэдэнд баярлалаа гээд таван төгрөг аваад өгдөг сэхээтэй нь нэн ховор л доо. Тэднийг жичид нь урамшуулна. Эсвэл ясыг амрааж хөлсийг нь хатаагаад, залуухан охид хүүхнүүдийг хоолонд томилно.
- Дээрх тогооч авгайчуул шиг борви бохисхийх завдалгүй ажилладаг, ядаргаанд орчихсон, хугас шил юмны хөлсөөр хэдэн өдөр хорхог боодог хийдэг, дээр нь дарга нартаа толгойгоо эргэтэл загнуулдаг шүд амгүй шахам хэдэн эрчүүд бий. Тэднийг мөн амрааж наадам үзүүлээд, шижигнэсэн залуучуудыг тэр арын албанд ажиллуулна.
- Сумандаа ямар ч нэмэргүй хэрнээ, буу барьж баахан тарвага туулай, зээр гөрөөс хөөцөлдөж байгаад буцчихдаг новшийн сэтгэхүйтэй маш олон хүмүүс бий! Нутагтаа очих зорилго ердөө л тэр. Тийм хулгайчуудтай нэлээн зэгсэн тэмцэнэ. Хараа хяналт тавина.
- Хотоос дуучид энэ тэр аваачих шаардлаггүй. Сумын уран сайханчдын богинохон хэмжээний шагхийсэн тоглолт бэлдүүлчихнэ. Би мэт нь тэнд дуулахын ч шаардлаггүй. Угаасаа наадамд явж чаддаггүй, ахан дүүсийн дундаас нэгэн ядарсан хүний оронд хэдэн өдөр хониийг нь хариулаад түүнийг наадам үзүүлнэ.
- Сумын 100 жилийн ойн медаль гээд нэг баахан төмөр хэвлүүлэх шаардлагагүй дээ. Мөнгөний гарз.
- Сумын ойн ном гээд хэрэгтэй хэрэггүй юм бичих шаардлага байна уу даа. Өмнө нь баахан юм биччихсэн ш дээ. Хэрэв бичнэ гэвэл маш өвөрмөц сэдэв барьж авна. Жишээ нь сумынхаа нутаг дэвсгэрт орших дов толгод, жалга судаг бүхний нэр нэршил, түүний домог яриа, үүх түүх, тэнд ургадаг ургамал зүй, ан амьтан, хорхой шавьж зэргийг зурагтай тайлбартай нь өгүүлсэн ном байвал зохино. Гэхдээ газрын доорх эрдэнэсийг нь бол нуух шаардлагатай тул бичих хэрэггүй.! Луйварчдын хоол болно.!
- Хот хороо газар болон хилийн чинадад амьдарч буй хэн ч гэлээ, нутагтаа заавал ямар нэгэн бодит хувь нэмэр оруулах тухай ажил өрнүүлнэ. Гэхдээ тэр нь мод тарих, худаг ус гаргах, үерийн усны хуримтлал бүхий нуур цөөрөм байгуулах, сумынхаа ан амьтдыг хамгаалах, уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон түмний эрүүл мэндийг сахих, эв найрамдлыг бэхжүүлэх, залуучуудаа сум нутагтаа амьдрах орчныг бүрдүүлэх гээд л ажлууд зөндөө зөндөө... Хэн юу өмсөж ямар унаа унаштай байх нь огт хамаагүй. Хэн нутаг усандаа хэрэгтэй, үлдэцтэй газрын хөрс болоод оюуны хөрсөнд нялзууртай хандана вэ гэдгээ хэлэлцэж, сайнаас үлгэр дуурайлал авч, дагаж мөрдөх хэрэгтэй. Өдгөөгийн гажуудал бүхэн чуулсан байж л байдаг наадам хийж 100 жилийн ойг зүгээр нэг солиотой өнгөрүүлчихөж үл болно. Тэгэхийн бол ер нь 100 жил тэмдэглэхийн ч хэрэггүй дээ..
Хумбагарын Батмэнд