Нобелийн шагналт, зохиолч Ооэ Кэнзбүро - "Таг дуугүй болсон нь (大江健三郎著「不意の唖) /тууж/
Гадаадын цэргүүдийн суусан жийп машин үүр цүүрийн манан дундуур хурдлан давхисаар айсуй. Урхидаж барьсан жижиг шувуудаа далавчаар нь төмөр утсаар холбон эгэлдэргэлсэн жаал хүү хөндий талын зах барин урхиа эргэж яваад мөнөөхөн машиныг харан хэсэгтээ амьсгаа даран зогсов.
Жийп машин довцог өөд мацаж, нам дор газрыг туулаад дахин довцог дээр гарч ирэн, хөндий талд орших тосгон руу орж иртэл бас ч зай байлаа. Хүү хахаж цахан амьсгаадсаар тосгондоо гүйж ирэв. Эцэг нь тосгоны ахлагч хийдэг бөгөөд талбай руугаа явахаар бэлтгэлээ базааж байтал хүү ийнхүү царай нь хачин зэвхий даачихсан буцаж ирэх нь тэр.
Түймрийн хонхон дохио цуурайтаж, тосгоныхон уулын хормой дахь гэрийнх нь өмнө цугларав. Тэд залуу бүсгүйчүүлээ уулын хяр дахь нүүрс шатаах амбаарт нуулаа. Эрчүүд зэр зэвсэг хэмээн андуурагдаж мэдэх зүйлээ цагаан будааны талбай дахь хаягдмал байшинд далдлав. “За тэгээд, тэдэнтэй яасан ч маргаж болохгүй шүү” хэмээн өөр зуураа хэлэлцэнэ. Энэ бүхнийг тэдний тосгоныхон хичнээн ч удаа сургууллив даа. Тал хөндийн энэ тосгонд гадаадын цэргүүд ердөө үзэгддэггүй байсан сан.
Хүүхдүүд хөөр болцгоож, тэртээ хөндийгөөс тосгон руу зурайх зам сахин холхилдож, томчуул ч газар хагалах, зөгийн бал цуглуулах, малын тэжээл базаах ажлаа тэрхэн зуур азнацгаалаа. Нар дээр гарсан хойно жийп машин их л хурдтайгаар тосгонд орж ирэв.
Машин зундаа хаагдчихаад байсан сургуулийн өмнөх талбайд ирж зогсоод, гадаадын таван цэрэг, япон орчуулагчтайгаа сүртэйеэ бууж ирлээ. Тэд талбай дээрх усан татуургыг ажиллуулан цайран булингартах уснаас залгилан, цээж нүцгэлэн биеэ угаацгаалаа.
Тосгоны томчуул тэднийг холоос шимтэнгүй гэгч нь харцгаана. Бүсгүйчүүд, хөгшчүүл л гэртээ, хавчиг харанхуй газар шалан дээрээ гадагшаа гарахаас айсан мэт сууцгаана.
Гадаадын цэргүүд биеэ угааж дуусаад, машин руугаа буцахад хүрээлэн зогссон томчуул, хүүхдүүд өөрийн мэдэлгүй хойш ухарцгаалаа. Тэд тосгонд анх үзэгдэж буй гадаадын цэргүүдийг хараад, бүр сандарч орхижээ.
Орчуулагч догшин дүр эсгэн өндөр дуугаар орилсон нь энэ өглөө дуулдсан анхны хахир дуу байлаа.
- Тосгоны ахлагч хаа байна? Дуудаад ир!
Тосгоныхонтойгоо гадаадын цэргүүдийг ажиглаж зогссон хүүгийн эцэг олны дундаас гарч ирэв. Эцэг нь сүртэйеэ цээжээ ханхайлган орчуулагчид хариу барихаар завдаж буйг хүү сэтгэл хөдлөн харж байлаа.
- Би байна, хэмээн хүүгийн эцэг хэлэв.
- Бид үдэш сэрүү унатал танай тосгонд амарч буудаллахаар шийдлээ. Та нарт саад тээг болохгүй. Энэ ноёд биднээс өөр юм идэж уудаг болохоор дайлж цайлах гэсний хэрэггүй. Юм бэлтгээд ч хоол болохгүй биз. Ойлгов уу!
- Энэ сургуульд ороод амарч болно шүү дээ, хэмээн хүүгийн эцэг хэлэв.
Бараан цэнхэр толгойтой цэрэг орчуулагчийн чихэнд уруулаа ойртуулан ямар нэгэн юм шивнэнэ. Орчуулагч
- Энэ хүмүүс биднийг ийнхүү угтаж авсанд баярлалаа, гэж байна, гэв.
Бараан толгойт их л баяртай мишээнэ. Томчуул орчуулагчийн үгийг тоолгүй цэргүүдийг сонирхон харцгааж, мөд тарж явах янзгүй. Хүүхдүүд ч баяр хөөр болон цэргүүдийг харна.
- Та нарыг ажилдаа явцгаа гэж байна шүү, хэмээн орчуулагч дахин хэллээ.
- За даа, бид ч ажилдаа явцгаая даа, хэмээн хүүгийн эцэг тосгоныхондоо аядуухан хэлэв.
Томчуул сая нэг юм эргэн эргэн харсаар тарцгаав. Гэвч тэд боломж л гарвал иргээд ирэхэд бэлэн байлаа. Харин энэ бүхэн орчуулагчид тийм ч аятай санагдаагүй бололтой. Хүүхдүүд бөөндөө үлдмэгцээ гадаадын цэргүүдээс эмээсэн янзтай хойш ухран, тэднийг хулгайн нүдээр сэм сэмхэн харцгааж байв.
Цэргүүдийн нэг нь худгийн уснаас хутган машин руугаа цацан угааж эхлэв. Өөр нэг нь сургуулийн цонх руу ойртож, наранд гялалзах алтан шаргал үсээ илбэнэ. Зарим нь буугаа арчиж тослох аж. Хүүхдүүд энэ мэтийг амьсгаа даран ажиглацгаав.
Орчуулагч хүүхдүүд рүү ойртож, том харснаа ярвайгаад жийп машины кабин руу орж явчихлаа. Ийнхүү хүүхдүүд юунд ч санаа зоволгүй холын гийчдийг сонирхох боломжтой болов. Тэдэнд гадаадын цэргүүд ердийн л том хүмүүс шиг, гаж буруу юмгүй мэт санагджээ. Харин тэдний нуруу өндөр, цээж ханхар аж. Хүүхдүүд зогсож буй хүрээгээ хумьж, тэднийг улам сайн харахын тулд цэргүүд рүү алгуурхан ойртсоор. Айгаад байх юм ер үгүй ажээ.
Жин үдийн халуун шатмагц гадаадын цэргүүд хөндий рүү бууцгаалаа. Тэнд сэлж болохоор гүнзгий цөөрөм буй. Хүүхдүүд хувцасаа тайчин, цэргүүдийг гайхаж сонирхсон харцаар ширтэцгээнэ.
Гадаадын цэргүүд цав цагаан арьстай агаад биеийнх нь алтан шаргал үс наранд гялалзана. Тэд цөөрөмд үсрэн орж, бие биеэ усаар цацан орилолдож гарав.
Бүх бие нь хөлөрчихсөн жаалууд хадан дээр эгээ л том хүмүүс шиг суучихаад гадаадын цэргүүдийг сонирхон байлаа. Энэ үед орчуулагч цөөрмийн захад ирэн хувцасаа тайчив. Харин түүний арьс шар цайвар, огт үсгүй, гөлийн гялалзах нь нялх хүүхдийнх лүгээ адил булбарай ч юм шиг. Тэр гадаадын цэргүүдийг огт дуурайсангүй, их л хүч гарган ус руу бөгсөөрөө орж суулаа. Хүүхдүүд орчуулагчийн ийнхүү усанд орохыг хараад яагаад ч юм бэ, эвгүйрхэж, ход ход хөхрөлдөнө. Цэргүүд ч орчуулагчийг ер тоосон янзгүй. Орчуулагч усаар цацалцахаар тэдэн дээр очин дунд нь ормогцоо л бахирч чарлан үтэр түргэн холдоно.
Гадаадын цэргүүд чихэнд чийртэй орилолдсоор биеэ арчин хувцаслаад, сургууль руу гүйлдэхэд хүүхдүүд ч тэднийг дагалдав. Харин орчуулагч л ганцаар хоцорчээ. Гэтэл хэдэн хормын дараа сандарч мэгдсэн орчуулагч хувцсаа ч өмсөлгүй тосгонд шалдан шахуу гүйж ирэх нь тэр. Наранд халсан чулуун замаар арайхийж явж ирсэн бололтой, байдгаараа бөхийж тахийсан орчуулагчийг цэргүүд ч, хүүхдүүд ч хөхрөлдсөөр угтлаа.
Харин орчуулагч юун инээхдээ манатай, тун ч хэцүүдсэн янзтай. Тэрбээр цэргүүдэд ямар нэгэн юмыг тайлбарлав бололтой. Түүний яриаг цэргүүд их л анхааран сонссон ч бас л дуу шуу болон хөхрөлдөхөд хүүхдүүд ч баяр хөөр болон дагаж инээцгээв.
Орчуулагч инээлдэж буй хүүхдүүд рүү хөлөө зөөсөөр заналтайяа ойртон ирлээ. Харахаас л бөөн уур. Шууд л хүүхдүүдийг цохиод авах нь уу гэлтэй.
- Хөөе! Та нар миний гутлыг хараагүй юу, гээд нүцгэн хөлөө сүртэй гэгч нь дэвслэв. “Миний гутал алга болчихож”
- Хүүхдүүд хөгжилтэйеэ инээлдэнэ. Харлаж онгосон хавчиг нүүрээ зэвүүцсэн янзтай үрчийлгэж буйг нь харж байх нь хүүхдүүд нэг л зугаатай.
Орчуулагч улам ширүүлэн “бүү инээлд” хэмээн орилов.
- Та нарын хэн нь дэггүйтсэн бэ, аан, хэлээд орхи!
Тосгоны жаалууд инээлдэхээ больж, шүлсээ залгин орчуулагч руу дүрлийтэл харцгаалаа. Орчуулагч байдгаараа дээрэлхүүлж доромжлогдсон мэт уруу дорой царайлан, “хэн нэг чинь миний гутлыг олоогүй биз” хэмээв.
Хүүхдүүдийн хэн нь хариу дуугарсангүй. Тэгснээ бүгдээрээ орчуулагчийн нарийхан урт цагаан хөлрүү харцгаалаа. Түүний хөл огт гутал угладаггүй тосгоныхны хөлийг бодвол нэг л өөр, шалчийсан, бас ч зэвүү хүрмээр аж.
- Та нар тэгээд мэдэхгүй юм биз дээ, хэмээн орчуулагч ууртай гэгч нь хэлэв. Хэнд ч хэрэггүй юмнууд л ийм байдаг даа.
Гадаадын цэргүүд халуун нарнаас дайжин, сургуулийн дээврийн хонгил руу гарч, тэндээсээ орчуулагч хүүхдүүдтэй ийн ярилцаж буйг анхааралтай нь аргагүй ажиж байжээ. Нүцгэн биен дээрээ бараан хувцас эгэлдэргэлсэн орчуулагч тэдэнд тун ч инээдтэй харагдсан бололтой
- Тосгоны ахлагчийг дуудаад ир. Хурдан олж ир, хэмээн орчуулагч их л захирангуй хашгирав.
Ахлагчийн хүү нөхдийнхөө дундаас тасран гарч, огцом налуу чулуун замаар шугуй дундуур гүйв. Эцэг нь гэрэл гэгээгүй бүүдгэр гэртээ ээжтэй нь хамт хатсан хулсны хальс жижиглэн багцалж суув. Хүдэр өргөн мөр, зузаан хүзүүтэй аавд нь энэ ажил нэг л тохирмооргүй авч тосгонд тэр болгон эр хүний хийх ажлыг хийгээд байх боломж үгүй. Заримдаа эмэгтэйчүүд ч эрчүүдийн ажлыг хийх хэрэг гардаг билээ.
Хүү эцгээ дуудав.
- Юу уу, хэмээн эцгийнх нь дуу сөөнгөтөн сааралтаад явчихав.
- Орчуулагчийн гутал нь алга болчихоод байна. Тэгээд таныг хүрээд ир, гэж байна.
- Тэр өөдгүй амьтны гутлыг би мэдэх болж байна уу?
Эцэг нь яаралгүй өндийн, нарны гэрэлд нүдээ анивчуулсаар хаалгаар гарлаа. Тэд хөндий рүү бууж очив.
Тосгоныхон сургуулийн өмнөх талбайд зогсож буй жийп машиныг тойрон, орчуулагчийн гутал цөөрмийн эргээс гэнэт алга болсон тухай сонсоцгоож байлаа. Тосгоны ахлагч духандаа хөлс бурзайлгасаар яарч ирэхэд орчуулагч ихэмсэг нь аргагүй юу болсныг давтан өгүүлэв.
- Усанд орж байтал гутлыг минь хулгайлчихлаа. Танай тосгон учраас та л хариуцлага хүлээх болж дээ. Гутлыг минь олж өгч аль!
Хүүгийн эцэг хариу хэлэх зуураа тосгоны томчуул руу эргэн нэг харлаа. Тэгснээ орчуулагч руу эгцлэн харж толгой сэгсрэв.
- Яачихав чи?
- Би үүнд чинь хамаагүй ээ
- Танай тосгонд хулгайлагдсан. Танайхантай л холбоотой.
- Хулгайлагдсан, үгүйг нь хэн мэдхэв. Урсчихсан ч байж мэднэ шүү дээ.
- Би эргийн элсэн дээр хувцастайгаа хамт тавьсан юм. Урссан байх ёсгүй.
Эцэг нь ахин эргэн харж, хүүхдүүд, томчуулд бүгдэд нь хандан
- Хэн энэ хүний гутлыг хулгайлсан бэ, гэлээ.
Дараа нь орчуулагч руу эргэн
- Хулгайлсан хүн байхгүй бололтой, гэв. Орчуулагч уурсан
- Чи битгий хүүүхэд хуурч байгаа юм шиг донгосоод бай, гэв. Нимгэн уруул нь үл мэдэгхэн чичирнэ. “Намайг тэнэг гэж бодоо юу чи”.
Эцэг нь дуугүй зогссоор. Орчуулагч тэднийг буруушаан
- Миний гутал бол армийн хөрөнгө шүү. Армийн эд хөрөнгийг хулгайлах, нуух гэмт үйлдэл хийсэн этгээдийг яадгийг мэдэх үү, гэлээ
Орчуулагч эргэн харж, гараараа дохитол өндөр сайхан нуруутай, алтан шаргал үстэй, бас хүрэн үст, бусад цэргүүд ч ойртож ирээд, орчуулагч эцэг хоёрыг нь яах ийхийн зуургүй хүрээлэн авав. Хүүгийн эцэг гадаадын цэргүүдийн өндөр сүрлэг биед халхлагдан харагдахгүй болжээ. Цэргүүд оготор буугаа мөрөвчилсөн агаад хуй нь нааш цааш савчина. Гадаадын цэргүүдийн дундаас эцэг нь толгойгоо цухуйлгаснаа гэнэтхэн чангаар хашгирлаа.
- Юу ч гэсэн голын орчмоор хайцгаая. Алив хөдөлцгөөе.
Орчуулагч эцэгтэй нь хамт түрүүлэн, хойноос нь цэргүүд, тосгоны томчуул, хүүхдүүд хошуурсаар гол руу алхацгаалаа. Хүүхдүүдийн сэтгэл догдлон, өтгөн өвс рүү хальт гишгэлсээр ум хумгүй гүйлдэв.
Жижигхэн голын эргээр юм хайж бэдэрнэ гэдэг сүйдтэй ч ажил биш байлаа. Эндээс юм олох гэж орчуулагчаас өөр хэн ч хичээн чармайсангүй.
Цэргүүдийн дундаас залуухан сэргэлэн нэг нь буугаа зэхчихээд туулайн бөөр модны оройг онилж буй харагдана. Модны оройд гэдсэн биеэрээ бүдүүрсэн үнсэн саарал өнгөтэй нэгэн шувуу суух аж. Шувуу огт хөдлөхгүй амгалан суух боловч нөгөө цэрэг түүнийг буудсангүй. Тэрбээр буугаа доошлуулан голын эргээр мөнөөх гайтай гутлыг хайсан янзтай тонгойход тосгоныхон гүн санаа алдацгаан, сая тайвширцгаалаа. Тэд амьсгаа дарсан хүнд байдлаас дөнгөн данган “суллагдах” шиг болжээ.
Харин орчуулагч голын эргийн өвсөн дотроос өөрийнхөө гутлын үдээсийг олж, тэр нь хурц иртэй зүйлээр тас огтлогдсоныг мэдээд, тэсгэлгүй уурлан хашгирмагц тосгоныхныг нөмөрсөн айдас хүйдэс ахиад л сөхөгдөж, тэд сэрдхийн цочих мэт болжээ. Хүүхдүүд намхан хулс, тагнай өвс зунгааралдан ургасан газар руу айсан янзтай тонгойн харцгаалаа.
Орчуулагч харь хэлээр өндөр дуугаар орилтол ханхар цээжтэй бараан толгойт цэрэг түүнд ойртон очив. Орчуулагч түүнд үдээснийхээ тасархайг олсон тухайгаа, мөнөөх тасархай голын эргээс зайдуухан хаягдсаныг хуруугаараа заан өгүүлэв. Энэ зуур хүүгийн эцэг хөмсгөө зангидаж, царайгаа барайлгаад түүнийг юу хэлэхийг чих тавин сонссон бөгөөд гадаад хэл огт ойлгодоггүй тэрбээр нэг л аймшигтай зүйлийг сэтгэлдээ төсөөлснөөс зайлахгүй.
Өнөөх цэрэг тайвнаар толгой дохин, тосгоны томчуулыг тойруулан харж байлаа. Энэ бүхний дараа хүүгийн эцгийг орчуулагч занаж зүхсэн янзтай ширүүнээр зандарч гарлаа.
- Танай тосгоныхон дотор хулгайч байна. Энэ хулгайчийг чи мэдэж л байгаа. Түүнийгээ илчилж даруй надад тушаа!
- Би юугаа мэдхэв дээ. Энэ тосгонд хулгай хийж байсан хүн урьд хожид гараагүй л юмсан
- Битгий худлаа чалчаад бай! Намайг бас хуурчихна гэж бодоо юу чи! хэмээн орчуулагч баахан хараал зүхэл урсгав. “Армийн эд юмыг хулгайлсан этгээдийг буудаж хорооход ч багадна гэдгийг ойлгож байгаа биз”.
Хүүгийн эцэг түүний үгнээс ердөө ч цочирдсонгүй. Орчуулагч аймшигтай нь аргагүй хөмсөг зангидан түүнийг нэвт шувт ширтэнэ. Бараан толгойт цэрэг орчуулагчид намуухан дуугаар нэгийг хэллээ. Орчуулагчийн царай гэнэтхэн барайн хариу толгой дохив. Тэд сургуулийн өмнөх талбай руу одоход наранд халуу шатсан замаар хөл нүцгэн таваргах орчуулагч даан ч хөгийн инээдтэй харагдаж байлаа. Орчуулагч тэнтэр тунтар алхах зуур хүзүүгээр нь хир татуулан урсах хөлсөө хичээнгүй гэгч нь арчина.
Сургуулиийн өмнөх талбай дээр дохиж занган ярилцасныхаа дараа орчуулагч тосгоны томчуулын зүрх сэтгэлийг сэрдхийлгэх нэгэн юм сэдэв бололтой.
- Та муу сайнуудын гэр орныг хүчээр нэгжинэ дээ. Миний гутлыг нууж байгаа этгээдийг баривчилна. Гэхдээ одоо өөрийгөө илчлэн хэргээс мултрах чадал байваас зүгээр өнгөрөөнө шүү!
Тосгоныхон огтхон ч сандарсангүй. Орчуулагч л харин улам хилэгнэлээ.
- Хөөе, хүүхдүүд ээ! Та нарын дотроос гутал нуусан этгэээдийг харсан хүн байна уу? Хэрвээ байвал надад ирж хэл. Шагнана шүү!
- Хүүхдүүд ганц үг ган хийсэнгүй. Орчуулагч нэгэн цэрэгтэй ширүүхэн ярилцав. Мөнөөх цэрэг яах аргагүй юм боллоо доо гэсэн шиг толгой дохичихоод сургууль руу ормогц, орчуулагч хөлс нь бурзайсан духаа ханцуйгаараа шудран
- Бүх айлыг нэгжинэ. Армийн эд хөрөнгийг хулгайлж нуучихаад дуугүй байгаа этгээдийг шийтгэнэ, гэв. “Намайг дагаад явцгаа! Бүгдээрээ байж байгаад айлуудыг хойд захаас нь нэгжинэ. Эд хөрөнгө олдохоос нааш хэн нэг нь ганцаараа явахыг хориглолоо”.
Тосгоны томчуулаас хэн нь ч явахыг завдсангүй. Орчуулагчийн дуу чангаран
- Та нар юундаа удаад байгаа юм, хэмээн тосгоныхон руу гараа зангидаж дайрах нь уу даа, гэлтэй бархирна. “Наймайг дагаад яв гэж байна шүү. Бас явахгүй гэх санаатай”. Түүний үгийг хэн ч тооосонгүй, хэлсэн бүхэн нь бүүдгэр тэнгэрийн хаяа руу хийсэх мэт замхарч одов. Тосгоны эрчүүд гараа цээжиндээ зөрүүлчихээд чимээгүйхэн зогсоцгоож байлаа. Орчуулагч хагартлаа уурлаад, биеэ арайхийн барьж, нүдээ гялалзуулан ийш тийш үзэн ядсан харц чулуудан салгалж байв.
- Намайг дагаад явцгаа айл болгоныг нэгжинэ.
- Явцгаая даа. Гэрч болцгооё, хэмээн хүүгийн эцэг хэлэв.
Ингээд тосгоны эрчүүд хөндийн талын хойд этгээд рүү орчуулагчийг даган сажилцгаалаа. Энэ үед нар тэсэхүйеэ бэрх төөнөж байв. Уурлаж “галзуурсан” хөл нүцгэн орчуулагч наранд халсан чулуун замаар шүд зуун алхах нь хүүүхдүүдийн хөх инээдийг хүргэнэ. Гадаадын цэргүүд ч хөгжилтэйеэ инээлдэн байв.
Хүүхдүүд ч тэр дорхноо гадны цэргүүдэд найр тавьж эхлэв. Орчуулагч өөрөө нэгжлэг хийж эхэлсэн болохоор хийх юмаа олж ядсан цэргүүд уйтгартай нь аргагүй жийп машинаа тойрон эргэлдэж, сургуулийн өмнөх талбай дээр бөөгнөрөн байлаа. Хүүхдүүд цэргүүдийг сонирхон хөгжилдөнө. Гадаадын цэргүүд кимоно өмссөн жижигхэн охиныг сонирхож, зургийг нь авч, тэмдэглэлийн дэвтэр дээр зургийг нь зурна. Гэсэн ч нэгжлэг хэтэрхиий удаж буй болохоор цэргүүдэд нэг л уйтгартай байгаа бололтой. Орчуулагч үнэн голоосоо хүч гарган нэгжинэ. Цэргүүд сургуулийн банзан нааран дээр гуталтайгаа унтах нь унтаж, суух нь суун орчуулагчийг хүлээцгээнэ. Тэд сүүлдээ ч яахаа ч мэдэхээ больж буй нь илт. Нэг нь бүр зогсоо зайгүй эвшээнэ.
Томчуул орчуулагчийг дагалдан айл болгоноор нэгжлэг хийхэд нь гэрч болон явцгаах хооронд хүүхдүүд сургуулийн өмнөх талбайд жийп машиныг сонирхон уйдсан цэргүүдийг харцгаана.
Нэгэн залуу цэрэг өөрийнхөө идэж байсан цаастай чихрээс тэдэн рүү чулуудахад хүүхдүүд инээмсэглэн баясч, түүнийг нь газраас авч идэцгээх бөгөөд шүдэнд нь наалдан зунгаараалдаж, зажилж чадахгүй байгаа бололтой. Хүүхдүүд түүнийгээ нулиман хаяхдаа ч их л сэтгэл дүүрэн байх аж.
Уулын сүүдэр хүүшилж, тал хөндийг тойрон хүрээлэх уулс хүрэнтэн бараантсааар, гэнэтхэн салхи босч, туулайн бөөр модон ой шуугив. Орой болжээ. Тамирдаж гүйцсэн орчуулагч тосгоны томчуулыг дагуулан хачин ууртай, уруу царайлан талбайд буцаж ирлээ. Түүний нүцгэн хөл хөлс, шороонд завааран хар даавуугаар ороосон мэт болчихож.
Тэрбээр сургууль дотор байсан гадаадын цэргүүдэд учир байдлыг тайлбарлаж буй бололтой. Цэргүүдийн царайд урьдынх шиг хөгжүүн инээмсэглэл тодорсонгүй, цөмөөрөө барайгаад явчихав. Түүнийг хүлээж ядаад уурлаа биз.
Цэргүүд буугаа барин талбайд гарч ирэхэд орчуулагч үүнд нь нэн зоригжсон янзтай
- Та нар тусалцгаа, гэж хэлэхдээ бүр гуйж гувших ч маягтай болчихож. Тэгснээ
- Надад туславаас ялагч армитай халуун сэтгэлээр хамтран ажиллаж байна, гэсэн үг. Япончууд бид одоо ялсан армитай хамтрахгүйгээр амьд явж, аж төрж чадахгүй. Та нар ялагдал хүлээсэн орны иргэд шүү дээ. Ялагч нар та нарыг бүгдийг чинь хороочихсон ч гомдол эрээд нэмэргүй. Хамтарч ажиллахгүй юм бол тэнэг хэрэг болно биз дээ, гэх нь тэр. Томчуул дүнсийн, дуугаа хурааж орчуулагч руу гөлрөн ширтэнэ. Орчуулагч хилэгнэн уурсаж, хүүгийн эцэг рүү хуруугаараа чичлэн урьдын адил хүч түрэмгийлэх аястай хоолойгоо шахан хашгирав.
- Миний хулгайлагдсан эд хөрөнгийг эргүүлж өгөөгүй цагт бид энэ тосгоноос хаашаа ч явахгүй. Энэ тосгонд биднийг эсэргүүцэгч тэрслүү этгээд зэвсэглэчихээд нуугдаж байна, гэж нэг л хэлэхэд цэргүүд танай тосгонд саатан, шалгаж эхэлнэ. Цэргүүд нэг тухлах юм бол та нарын ууланд нуучихаад байгаа эхнэр, охидууд чинь ч хэцүүдэх вий.
Тосгоныхны сэтгэл хэр зэрэг хямарч буйг мэдчих санаатай мань хүн байн байн уруулаа хазлан, тэднийг хилэнт харцаар тойруулан нэг харав.
- За тэгээд та нар бидэнтэй хамтрах санаагүй байгаа юм биз дээ?
- Хэн ч таны гутлыг хулгайлаагүй гэж байна. Голд урсчихсан юм биш биз, хэмээн хүүгийн эцэг их л тэвчээр гарган өгүүлэв. “Хамтрахгүй гэсэн юм байхгүй л дээ”.
- Муу тэнэг, хэмээн орчуулагч шүд зуун орилж, гэнэт эцгийнх нь улаан нүүр рүү цохиод авах нь тэр. Эцгийнх нь хүчирхэг эрүү хөдөлсөнгүй, харин уруул нь сэтрэн ухаа ягаан цус дусалж эхлэв. Наранд борлосон эрүү нь ягуухан улайж буйг хүү сэтгэлээ барин сандарч, балмагдсан нүдээр бүлтэгнэн харж байлаа. Орчуулагч хахаж цацан хараал урсгана.
- Муу тэнэг новш. Чи тосгоны ахлагч болохоор хариуцлага хүлээх л ёстой. Чи хулгайчийг илчлэхгүй юм бол чамайг хулгайч гэж цэргүүдэд хэлнэ шүү. Тэгээд чамайг ялсан армийн хууль сахиулах цэргүүдэд тушаана.
Хүүгийн эцэг гэнэт чимээгүйхэн эргэн тосгоны замаар тайван гэгч нь алхаж одов. Эцэг нь эцэстээ тултал уурласныг жаал хүү бүх л биеэрээ мэдэрч байлаа. Орчуулагч өндөр дуугаар дуудан түүнийг буцаах гэсэн боловч эцэг нь сонсоогүй юм шиг цаашаа том том алхана.
- Зогс хулгайч аа, зугтах нь уу, хэмээн орчуулагч араас нь хашгирав. Тэгснээ бас харь хэлээр чанга гэгч нь хахаж цацан бархирав.
Залуу цэрэг буугаа ташаандаа зүүчихсэн сургуулиас үсрэн гарч ирснээ харь хэлээр нэгийг хашгирав. Эцэг нь эргэж нэг харснаа гэнэт галзуурч солиорсон юм шиг том том харайн гүйж гарах нь тэр. Орчуулагч араас нь орилон, залуу цэргийн буу тасхийж, эцэг нь хоёр гараа алдлан тэнгэр өөд үсрэх мэт цоройсноо тоос манарган газар тэрийж ойчлоо. Эцгийнх нь нүд хамар, бас чихнээс нь яах ийхийн зуургүй ухаа ягаан цус годгодов. Хүү эцгийнхээ зүг гүйж очин, тэвэрч авлаа. Хоолой нь хяхтнан чичирч, эцгийнхээ халуун шатаж байгаа нуруунд нь нүүрээ наан “шингэв”. Одоо аав нь зөвхөн түүнийх л болжээ. Үдшийн бүрэнхий, өтгөн манан дунд бөгтийн салгалан зогсох орчуулагч, гадаадын цэргүүдийг тосгоныхон чимээгүй харсаар... Орчуулагч цэргүүдээс хоёр гурав алхам урагшлан зогсож, сандарсан янзтай орилсон боловч томчуул хүүхдүүдээс нэг нь ч хариу дуугарсангүй. Бүгд л таг дуугүй түүний өөдөөс гөлрөн байлаа.
Шөнө болжээ. Хүү ээжтэйгээ шалан дээр гулдайн хэвтэх сүрлэг цогцосны дэргэд зогсож байлаа. Эх нь эгээ л эр хүн шиг ханхайн суучихаад өвдгөө хоёр гараараа тас тэврэн, ямар ч хөдөлгөөнгүй. Хүү тал хөндий рүү харсан цонхоор ширтэн бас л огт хөдөлгөөнгүй, таг чимээгүй.
Хөндийн доод биеэр мяралзах голын тэртээгээс өтгөн манан хөвсийн цайрна. Хүү тосгоноос зурайх чулуун замаар томчуул сүүтэгнэн гарч ирэхийг, басхүү тэдний араас манан будан дээшлэн буйг амьсгаа даран ажиглана. Томчуул дуу шуугүй, хүнд ачаа үүрсэн юм шиг хөлөө удаан гэгч нь зөөсөөр яаралгүйхэн хүрч ирлээ. Тэд алгуурхан мөртөө итгэлтэй алхацгаана. Гэтэл эх нь түүний араас мөлхсөөр ойртон ирж, цонхоор шагайв. Ээж нь томчуулыг олж харсныг хүү ч мэдлээ. Эх нь хүүг мөрөөр нь тас тэвэрчээ. Эхдээ тэврүүлсэн хүү хамаг булчин шөрмөсөө хөвчлөн байлаа.
Томчуул царс модны цаагуур алга болчихов уу гэтэл нэг л мэдэхийн гэрийнх нь үүдний өрөөний банзан хаалгыг дуу шуу ч үгүй түлхэн онгойлгож, бүгд цувран орж ирцгээн, хүүг ширтэн зогсов. Хүү ээжийгээ чичирч эхлэхийг мэдэрч, тэр дороо өөрөө ч салганан дагжиж эхлэх нь тэр.
Гэсэн ч хүү ээжийнхээ гараас мултран босч ирэв. Тэгснээ үүднийхэээ өрөө рүү хөл нүцгэн чигээрэээ бууж, томчуулын дунд орон, гарч явлаа. Томчуул будантаж норсон огцом налуу замаар цувран, хүү ч айснаасаа бас хүйтэн мананд даарснаас дагжин чичирч, түргэн түргэн алхан тэднийг дагана. Чулуун нүүрс олборлохоор хад чулууг хага бут цохин малтсан жижиг нүхний өмнөх тэгшхэн газраас зам хоёр тийш салжээ.
Шороон гүүрээр гармагц тэд хөндий рүү буусан чулуун шат руу очив. Энэ мөчид томчуулын царай хувирч өөрчлөгдсөн ч үгүй, ов заль уур хилэн бадарсан нүд нь шийдмэг аргагүй гялалзан жаал хүүг цэх ширтэцгээж байв. Тэд дуу шуу ч үгүй гөлрөнө. Хүү адгасхийн чичирч байгаагаа далдлах санаатай биеэ чангалан, өөрийнх нь хойноос томчуул ажиглаж буйг бүх биеэрээ мэдэрсээр сургуулийн өмнөх талбай руу гав ганцаар харайлгав. Жийп машин сарны тунгалаг гэрэлд хэдэн зуундаа ч огт хөдлөөгүй мэт зогсоно. Цэргүүд одоо сургууль дотор унтаж буй. Хүү зунгааралдсан шүлсээ тамшаалсаар жийп машиныг гөлрөн саатав.
Түүний бараанаар жолоочийн бүхээг дотроос нэг хүн сүүтэгнэн босч ирлээ. Мөнөөх сүүдэр машиныг хаалгыг онгойлгож, биеэ хагас цухуйлган хэсэг байж байснаа бууж ирэв.
- Хэн бэ, гэсэн нь орчуулагч байлаа. “Яах гэж явна”. Хүү дуугүй зогссоор. Тэгснээ орчуулагчийн харлаж бараантсан толгой өөд эгцлэн харлаа.
- Миний гутлыг нуусан газрыг мэдэж байгаа юм уу, чи? Тэгээд надад хэлж шагнал авах гээ юм биз дээ?
Хүү чимээгүйхэн шүд зуун, түүний өмнө хөшсөн мэт зогсоно.
Тэр хүүгийн мөрийг алгадсанаа
- Чи ч сайн хүү байна шүү. За дагуулаад яв. Айх юм байхгүй. Томчуулд чинь хэлэхгүй.
Хүү орчуулагч хоёр бие биеэ шүргэн алдан буцаад алхлаа. Хүү түүнд чичирч байгаагаа мэдэгдэхгүйг хичээн хамаг л тэвчээр зоригоо шавхав. “Чамайг юугаар шагнамаар юм бэ дээ” хэмээн орчуулагч олон үг чалчина. “Хүүш, чи юу авмаар байна? Цэргүүдээс чихэр авч өгөх үү, гадаадын ил захидал үзсэн үү, харийнхны уншдаг сэтгүүл ч өгч болох юм”.
Жаал хүү таг дуугүй, амьсгаа даран алхаж явав. Нүцгэн хөлийнх нь тавхайг жижиг чулуу хатгаж өвтгөнө. Орчуулагчийн хувьд бүр ч хэцүү байгаа бололтой, тэрбээр хөгжилтэй, олон үг чалчин догонцон дэгэнцэн дагаж явна.
- Чи хэлгүй юм уу, хөөе? Хэлгүй ч гэсэн юм ойлгодог чинь сайн байна. Танай томчуулын ухаан санаа нэг л биш ээ.
Тэд нүүрс олборлох нүхний орчим ирлээ. Шороон гүүрээр гаран манан будан дундуур халтиргаатай чулуун замаар доошоо бууна. Тэгтэл шороон гүүрний харанхуй дотроос гэнэт нэгэн гар цухуйн гарч ирээд орчуулагчийн амыг таглаад авав. Гэтэл арзайсан хар сүүдрүүд энд тэндээс нь тодрон сүүтэгнэж, булчин шөрмөс нь чулуу шиг хатуурч чангарсан хэдэн том хүн бөхийн гарч ирээд, орчуулагчийг яах ийхийн зуургүй бүслэв. Орчуулагч яаж ч чадахгүй байсаар тэр хэдийн гар доор ус руу алгуурхан живэн далд орлоо. Тэдний нэг нь орчуулагчийг тас тэврэн дарах бөгөөд амьсгалах аргагүй болмогц уснаас ил гарч амьсгаа аваад дахин шумбана. Томчуул ээлжлэн орчуулагчийг усны гүнд дарсаар сүүлдээ тэнд орхин, чулуун шатаар дээш нь гарч ирэв. Тэд даарснаасаа дагжин чичирцгээж байлаа. Дараа нь биеэ савчин усаа сэгсэрч шууд л хувцсаа өмсөцгөөв. Томчуул хүүг хавцлын эхэн хүртэл гаргаж өгөв. Дуу шуу ч үгүй буцан одох томчуулын хөлийн чимээнд хөөгдөх адил хүү үүр гэгээрэх зүг ойн дундуур гүйж ирэв.
Хаалга онгойлмогц үүр цүүрийн хөх саарал будан гэр дүүрэн мэлийн хөшиглөнө. Үүдний өрөө рүү нуруугаараа харан суусан эх нь түүнийг орж ирэх чимээгээр пөг пөг ханиалгалаа. Хүү ч үүдний өрөөнд ханиалган, хэсэг зуур саатав. Тэгснээ банзан наар руу чив чимээгүй алхан гарч, аавынх нь сүрлэг том биений дөнгөж хагас хугасыг халхлан буй сүрлэн гудасны буланд бээрсэн шувуу адил атиралдан хэвтлээ. Эхийн харц хүүгийн нуруу, туранхай хүзүүн дээр нь ээлжлэн тусч байлаа. Хүү чимээ гаргалгүй цээжнийхээ гүнд эхэр татан уйлна. Тэр туйлдаа хүртэл ядарч, хүчин мөхөсдөл, цөхрөл, басхүү айдас хүйдэст хүлэгджээ. Эхийнх нь гар шилэн хүзүүнд нь хүрэхэд хүү галзуурсан мэт догшноор зайлан уруулаа хазлан байв. Нулимс нь сул асгарна. Гэрийнх нь хаяанаас үргэлжлэх туулайн бөөр модот ойгоос жижиг шувуудын жиргэх нь бүдэг бадаг дуулдах ажээ.
Өглөө нь гадаадын цэргүүдийн нэг нь голын урсгал дундаас цагааан хөл нь цухуйн хөвж явсан орчуулагчийн цогцосыг олж харжээ. Тэрбээр чангаар хашгиран нөхдөө дуудаж, энэ тухай дуулгав. Тэд орчуулагчийн цогцосыг голоос татаж гаргахад тосгоныхныг ашиглахаар шийджээ. Гэтэл тэдний эргэн тойронд хүүхдүүд ч ойрхон байсангүй. Холоос харж байгаа хүүхэд ч үзэгдсэнгүй.
Томчуул газраа хагалцгаан, зөгийний хайрцгаа янзалж, өвс хадан дор бүрнээ ажилтай. Харийн цэргүүд дохио зангаагаар санаагаа илэрхийлсэн боловч тосгоны томчуул тэднийг тоосонгүй. Бүгд л чив чимээгүй ажлаа хийцгээнэ. Гадаадын цэргүүд тосгонд ирчихээд байгааг мартчихсан юм шиг л байв. Сүүлдээ цэргүүдийн нэг нь нүцгэлэн гол руу орж, үхдэлийг татаж гарган машиндаа ачлаа. Үд болтол цэргүүд машиныхаа орчимд нааш цааш алхан, нэг бол сууцгааж байлаа. Тэд байдгаараа уурлацгааж байгаа бололтой.
Тэгснээ гэнэт жийп машин явах чиглэлээ өөрчлөн, тосгон руу орж ирсэн замаараа буцаж давхилаа. Тосгоныхон, хүүхдүүд хүртэл нэг нь ч үүнийг анзаарсангүй. Тосгоноос одох зам дээр нэгэн охин нохойныхоо чихийг илэн нааданхан сууж байлаа. Гадаадын цэргүүдийн хамгийн тунгалаг нүдэт нэгэн эр түүн рүү боодолтой чихэр шидсэн боловч охин ч, нохой ч огтоос хөдөлсөнгүй, юу ч болоогүй мэт тоглосоор байв.
Нобелийн шагналт, зохиолч Ооэ Кэнзбүро
1958
Эх сурвалж: Дэлэгийн Төмөрбаатар, "Японы шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр" ном