Би эмч хүн. Олон жил практикт минь янз бүрийн л зүйл тохиолдсоны дотор гунигтай, баяр хөөртэй, хачирхалтай зүйл олон байлаа. Тэдгээрээс хамгийн гайхамшигтайг нь би огт мартдаггүй...
Энэ явдал ажлын минь карьерын эхэнд буюу 1980-аад оны эхээр болсон юм. Би анагаахын сургуулиа дөнгөж төгсөөд нэгэн тосгоны эмнэлэгт хуваарилагдав. Тосгоны эмнэлгийг би будаг нь халцарчихсан, хуучны барилга байх болов уу гэж бодож байтал будаг нь ханхалсан шинэхэн эмнэлэгт намайг найрсаг хамт олон угтан авсан юм.
Би ямар баяртай байсан гээ! Өвчтөнүүдийг шөнө орой болтол үзэж байсныг эс тооцвол ажлын эхний долоо хоногт гойд сонин зүйл болоогүй юм. Баасан гаригийн өглөө би ажилдаа эртлэн ирэхээр шийдлээ... хүн амьтан байхгүй байгаа дээр бичиг цаасаа эмхлэх гэж тэр. Тэгээд ажилдаа дөнгөж ороод байтал утас дугарах нь тэр.
Харилцуурыг автал эрэгтэй хүүхдийн цангинасан дуу хадаж байна:
- Павел Васильевич! Манай ээжийн бие муудаад байна! Манайх Ажилчдын гудамж, 11-р байр. Хурдлаарай!
- Ээж нь яасан юм? гэж намайг асуусанд хүү “Хариугүй үхлээ!” хэмээн аярхан хариулав.
- Юу болоо вэ? Түргэн тусламж дууд!
- Гэрт надаас өөр хүн байхгүй. Охин дүү маань хараахан ирээгүй байгаа гэж хүү дөнгөж дуулдахаар хэлэв. Энэ үед утас тасарчхав.
Би халатаа өмсөж аваад хүүгийн хэлсэн хаягаар яаравчлан явлаа. 15 минутын дотор яваад очвол хаалга нь нээлттэй байна. Би чанга дуулдахаар:
- Эмч дуудсан уу? гэв.
Хэн ч хариу дугарсангүй. Дотогш яваад орвол өрөөнд нэг эмэгтэй байна. Тэрээр орон дээрээ толгойгоо үл ялиг унжуулчихсан хөндлөн хэвтэж байлаа. Түүний цонхийж цайсан царай үсэн дороос нь харагдахгүй байв. Би гараас нь барьж үзлээ. Гар нь бүр хөрчихсөн байсан ч судас нь сулхан цохилж байв. Шалан дээр эмийн хоосон сав хэвтэж байгаагаас харахад эмэгтэй тун хэтрүүлсэн болох нь тодорхой. Би өмнө нь амиа хорлогсдод тусламж үзүүлж байгаагүй тул өрөөний буланд байсан утсаар түргэн тусламж дуудлаа.
Түргэн тусламжийнхныг иртэл би эмэгтэйд анхны тусламж чадахаараа үзүүлэв. Түргэн тусламж ч удалгүй хүрээд ирлээ. Тэдэнд би “Эмэгтэй эмийнхээ тунг хэтрүүлснээ ойлгоод намайг дуудсан юм” гэв. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэгдчих вий гэсэндээ тэр л дээ. Учир нь амиа хорлохыг завдсан хүмүүсийг тэр үед шууд л “сэтгэцийн” асуудалтай гээд бүртгэчихдэг байсан юм.
Эмэгтэйг дамнуурган дээр хэвтүүлэн аваад гартал хөршүүд нь хэрэгт дурлан түргэний машин дээр бөөгнөрчихсөн байлаа.
- Эмч ээ, юу болоо вэ? Өнгөрчихөө юу? гэж нэг эмгэн асуулаа.
- Зүгээр, босоод ирнэ! гэж би итгэлтэй хариулав.
Эмгэн санаа алдаад:
- Максимка нь л араасаа дуудаж дээ... Энэ хүүхний хүү нь живчихсэн юм. Оршуулаад одоо сар болох гэж байна гэв.
- Ард нь өшөө хүүхдүүд байгаа шүү дээ... хүү, охин хоёр гэж би хариулав.
- Эмгэн толгой сэгсрээд:
Өөр хүүхэд байхгүй ээ, ганц хүүтэй байсан юм.
Ийм юм гэж бас байдаг аа. Над руу хэн залгасан байх нь вэ? Тэр хүү юун охин дүү яриад байсан юм бол? Энэ бүхнийг тунгаан бодох цаг надад байсангүй. Ажил эхлэхэд тавхан минут үлдээд байсан тул би эмнэлэг рүүгээ бушуухан буцлаа.
Сувилагч Марина намайг хараад:
- Павел Васильевич, та чинь хааччихав аа? Ямар нэгэн юм болчихсон юм болов уу гэж айлаа шд! гэв.
Би түүнд надтай өглөө тохиолдсон явдлыг ярьж өглөө.
- Би тэр гэр бүлийг мэднэ гэж Марина гунигтай хэллээ.
– Тэр хүүхнийг Лидия гэдэг юм, тэр их сайн хүн. Тэднийх хүүхэд гарахгүй олон жил болсон болохоор Максимкаг гарахад нь алган дээрээ бөмбөрүүлдэг байсан юм. Яалаа гэж тэдэнд тийм гай зовлон тохиолддог байна. Ганц хүүгээ алдах гэж?
Марина над руу бодлогошронгуй харснаа:
- Би нэг л юмыг ойлгохгүй байна. Тэр хүү тан руу яаж залгадаг байна? Манай эмнэлэг телефон холбооны шугамд холбогдоогүй байгаа шд...
- Холбогдоогүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Утас энд байна шүү дээ... гээд би Марина руу гайхан харлаа.
Марина утасны аппаратыг дээш нь өргөхөд л аппаратнаас ил гарсан утас огт байхгүй байгааг хараад би цочих шиг болов. Тэгэхээр үхчихсэн хүү ажилд ороогүй утсаар над руу залгасан болж байна уу? Эсвэл би өөрөө сэтгэцийн эмчид хандах цаг нь ирчихээ юу? Энэ бүхэн үнэхээр жигтэй... Гэхдээ утас дугарч, би тэр хүүтэй яах аргагүй ярьсан шүү дээ! Би энэ тухай өдөржин бодсон бөгөөд орой ажил тармагц Лидиягийн биеийг асуухаар хүргэгдэж очсон эмнэлэг рүү нь явлаа.
Лидиягийн бие нь дээрдэж, тэрээр ухаан орчихсон байв. Эмчээс нь зөвшөөрөл авч өрөөнд нь ортол нөхөр нь сууж байлаа.
Намайг хараад тэрээр:
- Эмч ээ, танд маш их баярлалаа! Та байгаагүй бол Лидочка маань өдийг байхгүй байх байлаа гээд гарыг минь чанга атгалаа.
Харин Лидия цонхоор хараад зогсож байлаа.
- Та яаж манай гэрт байж таарсан юм бэ? гэж тэрээр сулхан дуугаар асуулаа. Би түүнд нууцлаг ярианы тухай ярьж өгтөл нулимс нь хацрыг нь даган урслаа.
- Максимка намайг аварч шүү дээ...
Би эмэгтэйн гараас атгаад:
- Хүү чинь таныг “Амьдар” гээд байна шүү дээ! Үгүй бол тэр над руу залгахгүй байсан! Та хүүгийнхээ дурсгалыг бодоод тэмцэх хэрэгтэй! Та дахиад хүүхэдтэй ч болж магад... хүү чинь “охин дүү хараахан ирээгүй байгаа” гээд байсан шүү гэв.
Энэ үгийг сонсоод Лидия толгой сэгсрээд:
- Үгүй ээ, эмч нар намайг дахиж хүүхэдтэй болохгүй гэсэн гээд буруу харан цурхиран уйлав. Түүнийг хараад би ч бас уйлахаа шахан өрөөнөөс нь гарлаа. Намайг харах дургүй байгаа мэт санагдсан тул би Лидияг дахин эргэж очоогүй юм.
Гэсэн ч энэ явдал толгойноос минь гарахгүй их удсан... Яагаад ч юм тэр хүмүүсийг бодохоос л сэтгэл өвдөөд байсан. Хожим нь Лидия нөхөртэйгөө хаашаа ч юм нүүгээд явсан гэж би дуулсан.
Тэр явдлаас хойш таван жил өнгөрөөд байлаа. Өвлийн нэгэн өдөр ажлын минь өрөөний хаалгыг нэг хүн тогшив.
- Ор ор гээд би... Лидияг нөхөртэйгөө зогсож байхыг хараад ихэд гайхлаа. Тэрээр надтай сүүлд уулзаж байснаасаа өөр харагдаж байв. Өнгө зүс орж, царайд нь мишээл тодроод л... Тэрээр нэг гараараа гэдсээ илбэж, нөгөө гараараа тав орчин насны охин хөтөлжээ.
- Эмч ээ, танилц. Энэ манай охин Оля гэв. Охин Лидиягийн араар ичингүйрэн нуугдлаа. Лидиягийн нүднээс аз жаргал гэрэлтэн байна. Тэрээр надад амийг нь аварсанд талархахаар ирсэн нь тэр байж.
- Та байгаагүй бол би ийм жаргалтай явахгүй байсан. Таны хэлсэн үг зүрхэнд минь тусаж... би эмнэлгээс гарангуутаа шууд л нөхөртэйгөө хамт хүүхдийн асрамжийн газар орсон. Тэгтэл Оленька довжоон дээр зогсож байсан... яг л биднийг хүлээж байсан мэт. Тэр үед л Максимка намайг яагаад дээш нь явуулаагүйг би ойлгосон. Дараа нь ийм гайхамшиг тохиолдоод... гээд Лида гэдэс рүүгээ заалаа.
Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч надтай нөгөө ертөнцөөс ид шидээр холбогдсон тэр хүүг би одоо хэр нь дурсаж явдаг бөгөөд дурсах бүрдээ “Тэр хүү яагаад заавал намайг сонгосон юм бол?” гэж боддог...
- Павeл Ильин
Орчуулсан: Өлзийбатын Уянга