УЛС НИЙГЭМ ДОРОЙТОЖ БАЙГАА НЬ ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ…
Хүүхэд нь ор сураггүй алга болох магадлалтай тул эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаа гаргахаас айдаг. Сургуулийн насныхан компьютерын ард бүтэн өдрөөр сууж... улмаар бусадтай энгийн найрсаг харилцах чадвараа алдаж эхэлдэг. Төрөл бүрийн хууль батлагдан гарах боловч улам бүр гаарах гэмт хэрэг, эдийн засгийн хямрал, хүнд суртал, авлигад автсан төрийн албан хаагчдаас энгийн ард иргэдийг юу ч хамгаалахгүй.
Мэргэжлийн боловсон хүчин, олон жилийн туршлага үнэ цэнгүй болдог. Ажиллах хүчин хэн нэгний баяжих хэрэгсэл төдий болдог. XXI-р зууны эхээр ажилд 35 хүртэлх насны хүмүүсийг түлхүү авах тенденц дэлгэрсний улмаас бусад насныхан гадуурхагдаж эхэлсэн. Энэ нь хөдөлмөрийн чадвартай 35-40-өөс дээш насныхныг зохиомлоор үгүй хийх мэт... Ажил хийж, цалин мөнгө олох боломжоор хангахгүй байна гэдэг нь тухайн хүнийг үхэл рүү түлхэж байгаа хэрэг.
Нэг талаас 35 хүртэлх насны хүмүүс эрүүл чийрэг, эрч хүчээр дүүрэн мэт боловч нөгөө талаас тэд амьдралын туршлага туйлын бага. Тэд ажлын байран дээр ч тэр, хүн хоорондын харилцаанд ч тэр сүйрлийн элемент “авчирдаг”.
Хүн 45 хүртлээ ажил мэргэжлийн болон амьдралын туршлага хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл 45 нас хүрч байж мэргэжилдээ жинхэнэ эзэн болж, 50 хүрээд мэргэжлийн хувьд дээд цэгтээ хүрдэг. Энэ нь 45 хүртлээ мэдлэг хуримтлуулж, тэрхүү мэдлэгээ дараагийн 5 жилд нь бататган далд ухамсартаа суулгаж авдаг гэсэн үг.
Ашгаа бодоод залуусыг л ажилд авах хандлага нь 35-аас дээш насны хүмүүсийг “эргэлтээс” гаргах замаар тэдэнд мэргэжил, туршлагын хувьд оргилд хүрэх боломжийг нь боогдуулж, нөгөөтэгүүр нийгмийг мэргэжлийн боловсон хүчний хомсдолд ороход хүргэдэг. Наснаасаа болж ажлын байран дээр ямар нэгэн байдлаар гадуурхагддаг олон хүн зүрхний шигдээс, цус харвалт зэрэг шалтгаанаар нас барах нь бий. Ажлын байран дээрх байнгын сэтгэл зовнил эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлснөөс тэр.
Эдийн засгийн хямрал чухам юунаас болж үүсдэг, аж үйлдвэр/хөдөө аж ахуй чухам юунаас болж мухардалд ордгийг та бодож үзсэн үү? Энэ бүхний шалтгаан нь аж үйлдвэр/хөдөө аж ахуй, эдийн засгийг авч яваа хүмүүс мэргэжлийн хувьд ямар ч чадваргүй дээр нь асар их шуналтай байдагт оршдог. Тэд инфляцаар шалтаглан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг тасралтгүй нэмэх замаар хөдөлмөрчдийн халаасыг хоосолсоор л байдаг... Тэд сувдаг сэтгэл, улам их ашиг олох гэсэн хүслээсээ болоод зогсож чадахаа больдог. Тэд ханаж, цадахаа мэдэхээ байдаг.
- Лариса Секлитова, Людмила Стрельникова “Хүн төрөлхтөн” номын хэсгээс
Орчуулсан: Өлзийбатын Уянга