Жил бүрийн 4-р сарын 17-нд олон улсын Хайку яруу найргийн өдөр тохиодог аж. Японоос гаралтай гурван мөрт шүлгийн төрөл нь үгийн дүрслэл, гүн ухаан, чөлөөт сэтгэлгээний талбар болон дэлхий дахинд түгжээ. Гол төлөөлөл нь Мацуо Башо /Matsuo Bashō/ бөгөөд түүнийг “Яруу найргийн Гэгээнтэн” гэх нь бий.
2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд Хайку Сан байгуулагдсанаар энэ өдрийн хүрээнд Хайку богино кино фестивал, EarthRise Rolling Haiku хамтарсан шүлэг бичих ажиллагаа, Хайку уулзалт гэсэн гурван арга хэмжээг дэмжин ажиллах болж. Мөн энэ өдөр тухайн оны шилдэг Хайку шүлэг бичигчдэд олгодог Touchstone Award-ын эздийг зарладаг байна.
Хайку шүлэг нь Японоос эхтэй бөгөөд 16-р зууны үеэс хөгжиж ирсэн, 3 мөртэй, 17 үетэй шүлэг юм. Хайку япон хэлний дүрс үсгийн онцлогоос шалтгаалан 3 мөр 17 үет (5,7,5) шүлэг байх тогтсон зарчимтай бөгөөд хайкуг зөвхөн япон хэлээр л бичих боломжтой гэсэн үзэл санаа ч байдаг. Тэгвэл өнөө үед дэлхий нийтэд хайкуны уламжлалт хэлбэр бус, утга санаа, түүний гүн ухаанлаг чанарыг нь чухалчлан үзэх хандлага давамгайлж байна.
Хайкун хамгийн эхний дүрэм бол японоор киго буюу байгаль улирлыг илэрхийлсэн үгтэй байх. Киго бол хайкуны хамгийн чухал амин сүнс бөгөөд кигогүйгээр хайку оршин тогтнох боломжгүй юм. Хайку дэлхий нийтэд хөгжихдөө хайку бол байгалийн тухай бүтээлч зураглал юм гэсэн энэ дэгийг ягштал баримталж байна. Байгалийн үзэгдэл, улирлын өнгө аяс хүний дотоод мэдрэмжийг сэрээж, агшин зуурын гэгээрэлд хөтөлдөг. Үүнийг сатори гэж нэрлэдэг.
Хайку тухайн үед Японд эрчимтэй хөгжиж байсан Зэн буддизм дээр үндэслэгдсэн гэж үздэг. Тиймээс хайку бичихэд өвөрмөц уран сэтгэлгээ, нарийн торгон мэдрэмж, зохиогчийн дотоод хэм хэмнэл, бясалгал, гэгээрэл, ухаарал, ур маш чухал юм.
Хайкуд илүү үг байх ёсгүй, үгээ ширгээж, санаагаа 3 мөрөнд багтааж бичдэгээрээ онцлог. Энэ нь саторид дасгалжих, саторид хүрэх үндэс суурь юм. Япончууд хүүхдээ хайкугаар хүмүүжүүлдэг бөгөөд цэгцтэй, логиктой сэтгэж сурдаг гэдэг. Тиймээс хайкуд түлхүүр үг гэсэн ойлголт байдаг ба тухайн хайкуг тайлж унших гол түлхүүр болдог. Тухайлбал жавар гэдэг үг шууд дүн өвлийг заадаг. Тиймээс энэ үг хайкуд орсон бол өвөл, дүн өвөл гэсэн үгийг бичих шаардлагагүй, жавар гэсэн үгнээс уншигч энэ өвлийн улирлыг илэрхийлж байгаа юм байна гэдгийг ухамсарлана гэсэн үг юм. Мөн тухайн улс үндэстний уламжлалт баяр ёслолыг илэрхийлсэн үгс бол мөн түлхүүр үгэнд хамаарна.
Нэгэнт дэлхий дахинд тарсан энэхүү урсгал нь Монголд ч багагүй дэлгэрсэн бөгөөд эртнээс уламжлалт “ертөнцийн гурав”-аас эхлээд энэ цагт өөрийн гэсэн өнгө аястай Хайку бичигчдийн хүрээ ч бий болж.
Та энэхүү өдөр өөрийн гэсэн дүрслэл, гүн ухаан, чөлөөт сэтгэлгээгээ багтаасан Хайку бичихээр оролдож үзээрэй. Энэ нь таны бүтээлч сэтгэлгээг дэмжихээс гадна сэтгэлд тань амар амгалан, төвлөрлийг өгөх болно.
Цаасан цонхыг
Цоолох хүнгүй боллоо.
Гэрт хичнээн хүйтэн
/Японы Эдогийн үеийн яруу найрагч бүсгүй Тиё нас барсан хүүхдээ санагалзан байж бичжээ. Японы хойт нутгийн өвөл маш хүйтэн. Цаасан цонх л хүйтэн жаврыг хаана. Томоогүй үр цаасан цонхыг хуруугаараа цоолж эцэг эхдээ төвөг уддаг байж л дээ. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихаж. Одоо хэнч цонх цоолж хүйтэн жавар гэрт оруулахгүй. Гэвч дулаан байшинд ямар ч жаргал алга. “Хичнээн хүйтэн”/
Хуучин цөөрөм уруу Байгалийг хэлжээ
Хөөрхий мэлхий дэвхрэхэд Яруу найрагчийг хэлжээ
Усны чимээ гарав Шүлэг төрөхийг хэлжээ
Мацу Башо
Гүндсамбуугийн Ариунчулуун