Амьдрал хэдхэн алхмын зайтай
Амьдрал бүхэлдээ 10 оноо гэвэл 7 нь мах, гурил, түлээ, нүүрс, 2 нь харилцаа, ухаарал, үлдсэн нэг нь гэмшил. Ердөө л энэ. Амьдралын зам урт уу гэвэл урт, богино юмуу гэвэл дэндүү богино юм. Чухам тэр 7 онооны төлөө өглөөнөөс орой, өсөх идэр наснаас өтөл болтлоо тэмцэнэ. Юундаа ч тэгтлээ улайрна вэ? Хүн өөрөө л туулаагүй бол барагтай юманд итгэдэггүй. Нэг суурин дээрээ эргэлдэж, эцэст нь яг хуучин байрандаа эргээд ирэхийн цагт хамгийн анх түүнд гараа сунган амьдралын үнэнийг өгүүлсэн тэр эрхэм хүнээ дурсаж эхэлдэг.
Цаг хугацаа нүүрний чинь жижиг үрчлээ бүхэн лүү, зүрхний ховдол руу чинь шургачиж эхлэхийн цагт бид аажмаар эрч хүчээ алдаж, юунаас ч юм аймхай халирамтгай болсоноо мэднэ. Цаашид өөр олон юмыг дааж чадахгүй болсноо ч мэднэ. Багад их зоригтой байж, өндөр модонд авирна, харайна, дүүлнэ. Байнга л таварцаглаж унаад энд тэндээ шалбачин, бөөн бөөн улаан цус урсахыг харсан ч тэр бүхэн юу ч биш, амаараа тэр хэсэгхэн шархаа долоож, сорж хаяад л болоо. Тэр үед өвдөлтөө мэддэггүй байсан уу, эсвэл шалбархай нь тийм хурдан аньдаг байсан эсэхийг одоо санадаггүй. Үсрээд л нэг сайн уйлаад л болоо, харин том болсны дараа тэгж уйлах гээд ч чадахаа больж, хичнээн бухимдсан ч хүмүүсийн хажууд бол цурхиртал уйлна гэж үгүй. Яагаад гэвэл хүмүүс амьдралыг мөн л диваажин хэмээн бодсоор байдагт оршино.
Тоостын орчлонгийн үнэн худлын дунд хичнээн олон өөр өөр хүмүүсийн нүүр, байгалийн үзэмж, барилга байшин жирэлзэн өнгөрч, ямар нэгэн үнэр амтанд учиргүй дурлаж, ямар нэгэн тоглоомонд улайрч, сэтгэлдээ манантай ч харин түүнийгээ яасан сайн нууж сурав аа.
Одоо бид тэрхүү айдаггүй, эмээдэггүй бага наснаасаа хэдэн мянган бээрийн цаана алсарч, буцаж ч чадахгүй, тэрүүхэн дороо эргэлдэж, тэгсэн атлаа баяртай гэж хагацаж чадахгүй, цаг хугацааны салаа замд санаа алдах нь сонсогдовч бүх зүйл яг урьдынхаараа.
Амьдрал хэдхэн алхмын зайтай. Алхаад үз, салхитай бороотой, сэтгэлд баяртай, гунигтай ч тэр хэдхэн алхмыг алхаж туулах нь үнэн.
М.Мөнхжаргал