Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Херсон болон Луганск мужид айлчлан, тус бүс нутагт ажиллаж буй Оросын зэвсэгт хүчний албан хаагчидтай уулзжээ. Тэрээр Херсон дахь Оросын зэвсэгт хүчний албан хаагчдын "Днепрь" анги бүрэлдэхүүний штаб, Луганск дахь ОХУ-ын Үндэсний гвардийн цэргүүдийн "Восток" баг бүрэлдэхүүний штабаар тус тус зочилж, дээрх штабуудын удирдлагуудтай фронтын нөхцөл байдлын тухай ярилцсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Кремлийн мэдээлснээр Аюулгүй байдлын зүгээс ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимов хоёрын аль аль нь ОХУ-ын төрийн тэргүүнийг дагалдаагүй аж.
Өнгөрсөн 9-р сард В. Путин Украины Херсон, Запорожье, Луганск болон Донецк мужуудыг бүх нийтийн санал асуулгын үр дүнд үндэслэн ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэж буйгаа мэдэгдсэн билээ. Нөгөө талаас эдгээр мужуудад ОХУ бүрэн хяналтаа тогтоогоогүй байгаа юм.
Өнгөрсөн 11-р сард Оросын арми Херсон мужиын төв Херсон хотоос ухарч, Днепрь мөрний эсрэг талын эрэг дагуу байршсан юм.
ОХУ Украин руу довтолсноос хойш Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэх зорилгоор улс орнуудын тэргүүнүүд Киевт удаа дараа айлчилсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Оросын армийн хяналтанд байгаа бүс нутгуудад айлчилсан нь ховор юм.
Өнгөрсөн сард тэрээр Крымийн хойг болон Донецк мужийн Мариуполь хотод айлчилсан билээ. В. Путиныг Херсон, Луганск айлчилж байх үеэр Оросын арси Украины Бахмут хотыг чиглэсэн довтолгоогоо идэвхжүүлж, их буугаар буудаж, агаараас цохилт үзүүлж эхэлсэн байна.
Бахмутыг хотыг эзлэх нь оросуудад цааш Краматорск, Словянск зэрэг том хотуудыг эзлэх бодомжийг олгох юм. Бахмутыг эзлэх ажиллагааг удирдаж байгаа Вагнер хувийн цэргийн компани оросууд Бахмут хотын 80 хувийг эзэлсэн гэж мэдэгдсэн бол Киев уг мэдээллийг нь үгүйсгэсэн билээ.
Эх сурвалж: dw.com
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn