ХАЙЛТЫН СИСТЕМЭЭС ХҮССЭН, ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ ХАЙХ
Интернэт нь асар их мэдээллийг өөртөө агуулдаг. Эдгээр мэдээлэл нь дэлхийн олон орнуудад байрлах вэб серверүүд дээр хадгалагдаж байдаг бөгөөд ямар мэдээлэл аль сервер дээр хадгалагдаж байгааг тодорхойлох нь маш төвөгтэй нь ойлгомжтой. Энэ их мэдээллийн уурхайгаас өөрт хэрэгтэй мэдээллээ хайж олохын тулд бид хайлтын системийг ашигладаг.
Хайлтын систем гэдэг нь интернэт сүлжээнд хэрэглэгчийн текст хэлбэрээр бичиж асуусан лавлагаанд холбогдох мэдээллийн эх сурвалжийн холбоосуудыг ач холбогдлын дарааллаар нь жагсаан харуулах зориулалттай програм хангамжийн систем юм.
Хайлтын системд өөрийн хайж, олохыг хүссэн зүйлтэй холбоотой үг эсвэл өгүүлбэр бичиж асуух ба хайлтын систем өөрийн өгөгдлийн сангаас хайлт хийж, хэсэг хугацааны дараа дэлгэцэнд холбогдох эх сурвалжуудын линкүүдийг ач холбогдлын дарааллаар нь жагсаан харуулна.
ТҮЛХҮҮР ҮГ, ӨГҮҮЛБЭРИЙН ХЭРЭГЛЭЭ
Ихэнх хүмүүс хайлтын системийг ашиглахдаа өөрт шаардлагатай мэдээллийг ямар ч тохиолдолд хүссэнийх нь дагуу гаргаж ирнэ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хайлтын системүүд нь зөвхөн тухайн системд бүртгэгдсэн вэбсайтуудын жагсаалтаас л хайж, үр дүнг харуулдаг. Түүнчлэн хайлтын системүүдийн хайлтын үр дүнг жагсаах шалгуур нь өөр өөр байдгаас шалтгаалан таны компьютерын дэлгэцэнд харуулах үр дүнгийн жагсаалт ижил биш байх магадлалтай.
Интернэт нь асар их мэдээллийг агуулдаг тул тухайн сэдвээр хайлт хийхдээ хэтэрхий нийтлэг, дэлгэрэнгүй үг хэрэглэхээс зайлсхийж, хайж буй мэдээллээ олж гаргаж ирэхийн тулд хайлтын түлхүүрийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь та дараах хайлтын аргуудыг туршиж үзээрэй. Үүнд:
- Тодорхой утгаар хайх. Хэрэв та хайлт хийхдээ хүүхдийн дуу гэсэн 2 үг хэрэглэвэл, хайлтын систем ихэвчлэн хүүхдийн, дуу, хүүхдийн дуу гэсэн утгуудтай холбоотой бүх хуудсуудыг санал болгоно. Харин үүний оронд хүүхдийн+дуу гэж бичээд хайвал хүүхдийн, дуу гэсэн үгнүүдийг агуулсан хуудсуудыг гаргаж ирнэ.
- Оновчтой утгаар хайх. Яг тухайн утгаар хайх үедээ (“) хашилтыг ашиглана. Жишээ нь “хүүхдийн дуу” гэж хайвал яг хүүхдийн дуу гэсэн холбоо үгийг агуулсан хуудсуудыг гаргаж ирнэ.
- Үгний тодорхойлолтыг хайх. Ямар нэгэн үгний тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.
- Тодорхой үгийг хасч хайлт хийх. Жишээ нь: “кексний жор -өндөг” гэж хайвал өндөг гэсэн үг ороогүй кексний жорууд гарч ирнэ.
- Ойролцоо утгаар хайх. Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол (~) тэмдгийг ашиглана. Жишээ нь: “~амар амгалан” гэж хайхад амар амгалан, дотоод амгалан гэх утгуудыг агуулсан хуудсууд гарч ирнэ.
- Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх. Ямар нэгэн зүйлийг худалдаж авахад чанараас гадна үнэ чухал үзүүлэлт болдог. Тэгвэл хайлтын системээс сонирхсон зүйлээ тодорхой үнийн хязгаарт хайх боломжтой. Жишээ нь: гутал ₮100000..₮250000 гэж хайж болно.
- Тухайн вэбсайтнаас мэдээлэл хайх. Та нэг вэбсайтнаас мэдээ хайх гэж байгаа бол “site:” түлхүүр үгний ард вэбсайтны нэр болон мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.
- Файлын төрлөөр хайх. Файлын төрлөөр хайхыг хүсвэл хайх зүйлийнхээ түлхүүр үгний ард “filetype:файлын төрөл” гэж бичнэ. Жишээ нь: “интернэт. PPT” гэж хайвал интернэтийн талаар илтгэлийн файлууд гарч ирнэ.
- Валютын ханш тооцох. Жишээ нь долларын ханш хэд байгааг мэдэхийг хүсвэл “USD to MNT” гэж бичээд хайна.
Ц.Одонтуяа