"Бороо тохиолдовч болзооноос хождохгүй”
Тавдугаар сарын 10-наас Тайваньд “борооны улирал” эхэлж байна. Үндсэндээ ганц Тайвань ч биш, Зүүн Азийн Япон, Солонгос болон Хятадын өмнөд нутагт болдог цаг агаар, уур амьсгалын өвөрмөц үзэгдэл юм. Цаашдаа үндсэндээ 6 сарыг дуустал “нар үзэхгүй”, өдөр шөнө, өглөө оройгүй усан бороо уйлагнах нь бий.
Яагаад жил бүрийн хавар, зуны зааг дээр ийм их бороо ордог вэ? Зүүн Ази өвөлдөө зүүн хойд, зундаа баруун өмнөд салхины нөлөөнд оршдог. 5-6 сарын зааг дээр Зүүн хойд салхины эрч аажимдаа буурч, өмнө зүгийн халуун бүсийн далайн салхины хүч аажмаар нэмэгдэж, улмаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагас руу өргөн фронтоор тэлэгддэг байна. Энэ үед хойд зүгийн хүйтэн салхи, өмнө зүгийн халуун салхины урсгалтай Тайвань болон Хятадын өмнөд бүс нутаг зэрэгт огтлолцон тогтдог. Улмаар энэ фронтын зурваст харьцангуй хүнд хүйтэн агаарын урсгал гадарга дээр үлдэж, халуун агаарыг дээш нь хөөргөх бөгөөд агаарын урсгал харьцангуй тогтворгүй болж, улмаар их хэмжээний усны уур хуримтлагдан, их бага хэмжээний бороо тасралтгүй орох үндэс болдог гэжээ. За мэдээж мэргэжлийн үг хэллэгээр өөрөөр нэрлэдэг л байх, ерөнхий зарчим нь ердөө энэ. Үндсэндээ борооны улирал Тайваны жилд унах хур тунадасны 30%-ийг авчирдаг байна.
Хятад хэлэнд харин энэхүү борооны улирлаа “шар чавганы бороо”( 梅雨, plum rains)гэж нэрлэдгийг мэдэх тул сонирхоод хайлт хийж үзэв. Яалт ч үгүй бидний иддэг чавгатай холбоотой байх юмаа. Манайд CHOYA гээд шар чавганы дарс зөндөө л харагддаг даа. Жил бүрийн 5-6 сард Хятадын Хөх мөрний дунд, доод урсгалаас урагших бүс нутаг болон Тайвань, Хонконгод шар чавга болц нь гүйцэж, боловсорч дуусдаг тул энэ үед ордог үргэлжилсэн бороог ийнхүү чавганы бороо гэж нэрлэжээ. Аргагүй газар тариалантай холбоотой нэр. Шар чавгийг хятадаар “Мэй” гэж дуудна. Толь бичигт “мэй” гэсэн ижил дуудлагатай 77 үг байна, өөрөөр хэлбэл харилцан өөр өөр утгатай 77 үгийг бүгдийг нь “мэй” гэж дуудна гэсэн үг. Тэд хоорондоо зөвхөн дүрс үсгээрээ ялгагдана.
Энэ 60 хоногт бороо тасрахгүй, агаар нэлдээ чийгтэй, хүйтэн нойтон байдаг тул угаасан хувцас хунар хатахгүй, хоол унд амархан муудаж хөгцрөх нь элбэг тул хүмүүс мөн энэ бороогоо “хөгцний бороо” гэж нэрлэдэг. Хөгц гэхийг хятадаар мөн л “Мэй” гэж дууддаг. (霉雨, mold rains)Тийм учраас хятад хүмүүс “мэй” гэдэг үгийг хэлчихээд араас нь “хөгцрөхийн хөгц, иддэг чавганы чавга” гэх зэргээр яаран тайлбарлах нь бий. Ингэж өнөөх 77 “мэй” гэдэг үгээ хооронд нь ялгаж салгаж ойлголцож буй харагддаг. Мэдээж ярилцаж буй сэдэв, урд хойно нь орох үг хэллэг, үйл хөдлөлөөс аль “мэй” болохыг төвөггүй ойлгож болох ч заримдаа нэмж тайлбарлаж байгаа нь харагддаг. Мөн адармаатай бөгөөд сонирхолтой хэл шүү. Бээжинд ажиллаж байхдаа би нэг удаа Хятадын радиогийн нэрт орчуулагч Эрдэмт гуайд: “Энэ хятад үгийг монголчлох ямар ч арга байхгүй ээ. Наадах чинь Монголд байхгүй” (газар тариаланд хэрэглэдэг нэг багаж байсан санагдана) гэтэл тэрээр: “Хятадын ийм олон хүн хэлээд ойлголцоод байгаа юмыг монгол хүнд ой тойнд нь буутал хэлчих тохирсон үг байж л таараа” гэж билээ. Өнөөг хүртэл тэр үгийг би мартдаггүй юм. Товч бөгөөд тодорхой хариулт. Тэр лугаа дээр хэлсэн 77 мэй гэсэн дуудлагатай үгэнд тохирсон 77 монгол үг бий гэдэгт итгэлтэй л байна.
Тайванийн ус зайлуулах систем үнэндээ лут, “Бид их уснаас огт айхгүй, газар хөдлөлт, уул нурахыг л тооцоолж чадахгүй байгаа юм даа” гэнэ. Жил бүр ирдэг борооны улирал, түүнээс ч их хур тунадас дагуулдаг далайн хар салхи зэрэг байгалийн үзэгдлүүд эдийн засагт нь их бага хэмжээгээр хохирол учруулаад одно. Уул нурах, үер буух, тог цахилгаан тасрах, хурдны авто замын түгжрэл... Байгалийн гамшгаас сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах тал дээр тэд бүрэн бэлтгэгдсэн, бүүр багаасаа суралцсан шиг санагддаг. Юу ч болсон хэдхэн хормын дараа ажил амьдрал хэвийн гольдролдоо орж, ажил сургуульдаа яарсан, айдас түгшүүргүй, итгэл төгс царайг хараад: “ Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй” Жамуха анд мэт хүмүүс чинь эд биш үү гээд өөрийн эрхгүй гайхан хардаг юм.
М.Мөнхжаргал