Киргизстаны нийслэл Бишкек хотын шүүхээс Украинд ОХУ-ын талд байлдаж байсан Киргизстан улсын иргэнд 10 жилийн ял оноожээ.
Украинд явуулж буй дайнтай холбоотойгоор Москва хуучин Зөвлөлт холбоот улсын орнууд тэр дундаа төв Азийн орнуудаас цэрэг татаж эхэлсэн юм.
Сүүлийн саруудад Украинд Оросын Вагнер хувийн цэргийн компанид хөлсөөр элсэн орсон дээрх улс орнуудын олон арван цэрэг амиа алдсан билээ.
Бишкек хотын шүүх тус улсын иргэн 32 настай эрэгтэй нь өнгөрсөн оны 6-р сараас 11-р сарын хооронд Украины Донбассын бүс нутагт дайны үйл ажиллагаанд оролцсон ба үүнийхээ хөлсөнд сард 180 мянган рубль авсан болохыг тогтоожээ.
Түүнчлэн Оросын талаас түүнд ОХУ-ын паспорт олгоно гэж амласан аж. Тиймээс шүүхээс түүнийг хөлсөөр цэргийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж, 10 жилийн хорих ял оноосон байна.
Киргизстаны Жалал Абад мужаас гаралтай шүүгдэгч нь Украины Луганск мужийн салан тусгаарлагчдын армид элсэх үедээ ажил хөдөлмөр эрхлээгүй байсан ба хөлсөөр Оросын талд байлдахаар бүртгүүлэхдээ Москва хотод байсан аж.
Киргизстаны хүний эрхийн Кылым Шамс байгууллагын тэргүүн Гульшаир Абдирасуловагийн мэдээлснээр энэ нь Киргизстан улсын иргэн хөлсөөр дайны үйл ажиллагаанд оролцсон хэргээр ял сонссон анхны тохиолдол аж.
Эдийн засгийн боломж хайсан төв Азийн цагаачдын хувьд голчлон ОХУ-ыг зорьдог ба ОХУ-ын арми болон Вагнер цэргийн хувийн компани тэдгээр орос хэлтэй цагаачдаар эгнээгээ сэлбэхээр зорьсоор байгаа билээ.
Нөгөө талаас ОХУ-ын ойр харилцаатай, төв Азийн түнш орнууд иргэдээ Украины дайнд оролцохгүй байхыг удаа дараа анхааруулсаар байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn