Италид бүтэн 6 сарын туршид орох хэмжээний хур тунадас 36 цагийн дотор орсноор 20 гаруй гол мөрөн эргээсээ хальж, багадаа 13 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ орхиж явахад хүрчээ.
Хоорондоо 115 км зайтай Римини болон Болонья хоёр хотын ойролцоох бүх гол мөрөнгүүд эргээсээ гарч, хотын гудамж талбай, тариан талбайнууд, авто замууд усанд автжээ.
Италийн зэвсэгт хүчин болон эргийн хамгаалалтынхан аврах ажиллагаанд дайчлагдаад байгаа ба орон байр нь үерт автсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд хийлдэг завь, нисдэг тэрэг ашиглаж байна. Үерт автсан зарим дүүргүүдэд цэвэрлэгээний ажил эхлээд байгаа ба зарим хэсэгт цахилгаан эрчим хүчийг сэргээж чадсан байна.
Хөдөө аж ахуйн салбарын Колдиретти байгууллагаас мэдээлснээр 5 мянга гаруй ферм усанд автаж, мал амьтад, олон арван мянган га усан үзэм, ногоо, үр тарианы талбай усан доор орсон байна.
Мэргэжилтнүүд Итали улсад цаг уурын өөрчлөлтөөс гарах үр дагаврын эсрэг хариу арга хэмжээ авах үндэсний төлөвлөгөө хэрэгтэй байна хэмээн үзэж байгаа аж.
Иргэний хамгааллын сайд Нелло Мусумечи Итали хэдийн халуун орны уур амьсгалтай болсон хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Урт хугацааны турш хуурай байсан хөрс хатуурч, усыг шингээх чадвараа алдсан." хэмээн сүүлийн 36 цагийн дотор 20 см хур тунадас орсон, зарим газарт хур тунадасны хэмжээ 50 см-т хүрсэн болохыг онцолжээ.
Нелло Мусумечи үерт автсан бүс нутагт сүүлийн 40 жилд усны далан баригдаагүй ба усны барилга байгууламжийн бүтээн байгуулалтанд шинэ хандлага хэрэгтэй байгаа гэжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн засгийн газар дээрх асуудлаар ирэх мягмар гарагт хуралдах аж. Италийн сөрөг хүчний Ардчилсан намын тэргүүн ийм нөхцөл байдал үүссэн нь улс төрийн тогтолцоооны буруу бөгөөд улстөрчид цаг уурын өөрчлөлтөөс үүсэх бэрхшээлийн эсрэг тэмцэлд хойрго хандсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Үерийн гамшиг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг ч цаг уурын өөрчлөлт үүнд хамгийн том нөлөө үзүүлдэг байна.
Дэлхийн цаг агаар аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хэдийн 1.1 хэмээр дулаараад байгаа ба улс орнууд хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээ авахаас нааш агаарын хэм нэмэгдсээр байх юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
ikhmongol.mn