ТЭГШИЙН ХҮРЭЭ. Засагт хан аймгийн Сартуулын Сэцэн засгийн хошуу, одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Тэгшбуянт хэмээх газар энэхүү хүрээ үүсгэгджээ. Батсуурь уулын өвөр бие, Тэгшийн голын эхэнд оршино. Тэгшийн хүрээний байрлал нь Хангайн нурууны төгсгөлийн салбар уулархаг бүсэд багтана.
Баруун хойт этгээдэд Сайнхүүгийн ам, түүний арын уулын Батсуурь уул гэнэ. Өмнөд талд нь Шотой уул бий. Иймээс хүрээ байрлаж байсан газрыг бас Батсуурийн ам гэж нэрлэдэг байна. Хүрээний өмнүүр Дэлгэрлэн, Тэгш гэсэн хоёр гол урсаж байдаг. Тэдгээр голууд Цэгээн нууранд цутгана.
Сэцэн засгийн хошуунд байгуулагдсан хоёр дахь том хийд бөгөөд Бадаргуулалт төрийн зургаадугаар он буюу нийтийн тооллын 1880 онд онд анх үүсгэгджээ. Чин гүрний эзэн хаанаас “Ганданпэлжээлин хийд” буюу “Сайныг эрдэнэ болгогч сүм” хэмээх сахилын нэр өгчээ.
Тэгшийн хүрээ, Гандан хийд, Ганданпилжайлин хийд, түүнчлэн орших газрынхаа нэрээр Батсуурийн хүрээ хэмээн нэрийдэж байв. Тус хүрээ нь Сэцэн засгийн хошуундаа Галуутайн хүрээний дараа хоёрдугаарт орох бөгөөд 6 жас дацантай, байнга 800-д лам нар шавилан суудаг байв. Жас дацан нь 1. Цогчин, 2. Чойр, 3. Жүд, 4. Ганжуур, 5. Хайлан, 6. Сахиусны гэдэг байв. Эдгээр 6 дацан нь 15 дуган, 12 суврага, 13 жас, 800 гаруй ламтай байжээ. Бурханы гүн ухаан, уран зураг, урлал, бясалгал голлодог байжээ.
Тэгшийн хүрээ нь Майдар, Цогчин, Чойр, Дүйнхор, Жүд, Ламиран, Мянган бурханы, Гомба сахиус, Ганжуур, Гүнрэг, Нүгнийн 3, Зүүн дугана, Гэгээн ламын 2 дугана зэрэг болон Чойрын модон гэр, Гэгээн ламын ордон, галын байшин зэрэг байгууламжтай байжээ.
Энэ хүрээний Чойр, Цанид дацан нь Жамьяншадавын егчаатай хүрээ дэглэмтэй байжээ. Энэ хоёр хүрээний сан жас нарын дотор түм шахсан хоньтой, мянга шахсан адуутай, тавиад тэмээтэй нэг бусад нь цөм үүнээс цөөн малтай бөгөөд их төлөв нь зөвхөн цаг цагийн хурлаа дөнгөж хуруулдаг буюу зарим нь хандив эрж гүйцэтгэдэг ч байсан юм. Галуутайн хүрээтэй нэгэн зэрэг шахам нураагдсан бөгөөд анх 1928 онд феодалын хөрөнгө хураах, том лам нарын хөрөнгө хураах үед хаагдаж, улмаар 1937, 1938, 1950, 1954 онуудад тус тус зөөгдсөн байна.
Тэгшийн хүрээний хамба Номч мэргэн хутагт Л.Равдандорж. Номч мэргэн хутагтын Монгол газраа хувилсан анхны дүр нь түүхнээ Сартуул номын эзэн хэмээн бичигдэн үлдсэн нэгэн болов уу. Хоёрдугаар удаа хувилсан нь Дүвжидзодзинцүлтэм, гуравдугаар удаа хувилсан нь Чойбшадхайвахайнзүн, дөрөвдүгээр удаа хувилсан нь Догунжамбийжонхисономданзан нар болно. Эдгээр дүрүүдийн намтар тод бус.
Тавдугаар удаа хувилсан Дандарванжил бээр Чин улсын Сайшаалт ерөөлтийн арван нэгдүгээр он, нийтийн тооллын 1806 онд Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууны нутагт мэндэлжээ. 1829 онд хорин гурван насандаа Түвэдэд сууж шашин номын үйл хэрэгт шамдан суралцаж байгаад буцахдаа бурханы шашны ном, судар, суврага шүтээнийг залж нутагтаа ирсэн хойно шинэ сүмийг байгуулсан нь хожим 1880 онд Манжийн эзэн хаанаас “Ганданпэлжээлин” хэмээх нэрийг авсан Тэгшийн хүрээ ажээ. Энэхүү хутагт судар тарнийн номонд онцгой мэргэжиж, бурханы шашныг үлэмж дэлгэрүүлэн номын өглөгийг хуртээх нь маш гайхамшиг болсны учир түүнд Далай лам болон Богд гэгээнээс гашог, цэргийн гавьяа байгуулсны учир “Номч цорж” цолоор шагнажээ. 1859 онд Манжийн эзэн хааны зарлигаар Ховдын Шар сүмийг захиран сууж, 1860 онд “Хулгайг сөнөөхөд” гүн ном уншиж зүтгэсний учир хаан ихэд таашаан “Хутагт” цол дөрвөн хэлний үсгээр бичсэн “Эрдэм төгсөж, хүмүүнд туслахыг мэдэгч” хэмээх бичээстэй сийлбэрт пайз өргөмжлөл нэг хувийг тус тус шагнан хүртээжээ[1].
Номч мэргэн хутагтын зургаадугаар дүр Мэргэн хурц билэгт хутагт Л.Равдандорж болно. Тэрбээр арван тавдугаар жарны шороон туулай жил, нийтийн тооллын 1879 онд, Засагт хан аймгийн Ачит засгийн хошууны нутагт, олноо Лу гүн хэмээн алдаршсан яруу найрагч, соён гэгээрүүлэгч С.Лувсандондовын ууган хүү болон мэндэлжээ. Түүнд эцэг эхээс нь хайрласан нэр нь Л.Цэдэнбал болно. Сахилын нэр нь Л.Равдандорж хэмээнэ.
1884 онд Номч хутагтын хойд дүрийг тодруулахаар алтан савханд шүүхэд Богд гэгээнтэн таван настай Л.Цэдэнбал хүүг Номч хутагтын хувилгаан мөн хэмээн соёрхон айлтгаж, Равдандорж хэмээх сахилын нэр хайрлажээ. Ийн Сартуулын Тэгшийн хүрээний эрдэнийн сэнтийд залагдсан байна. Тэрээр Живзанагваандамбийодсэр гэдэг ламыг багшаа болгон шүтэж бурханы номонд боловсорч эхэлжээ. Түүнд 1889 онд Богд гэгээнээс Хамбын ямба хүртээж, шар торгоны бичиг нэгэн хувийг олгожээ.
Тэрээр арван зургаан насандаа Доржбал хэмээх эрдэмт багшийг шүтэж Чойрын номыг шамдан сурч байхдаа Түвэдэд мөргөл хийж Гандан хийдийн Жүгнээ дацанд хурал хурж, Чойрын номонд мэргэшжээ. Номч хутагт Равдандорж 1919 оныг хүртэл Энэтхэг, Түвэдийн орны эрдэмтэн мэргэдийг шүтэж гэгээрч боловсрохоор эргэл мөргөлийн урт богино аяныг хэдэнтээ туулан, хүрээ хийддээ ирж, очин үйл хэргээ явуулж байжээ.
Номч хутагт Л.Равдандорж Богд хааны түмэн өлзийг бататгахыг залбирч тасралтгүй ном уншиж, мөн улсын санд дөрвөн зуун лан мөнгө хариулан өргөсөн тул түүнд 1918 онд “Мэргэн хурц билэгт” хэмээх цол шагнан хүртээжээ. 1921 онд 42 насандаа Түвэдэд дамжаа барьж, Лхарамбын цол хамгаалжээ. Лхарамбын дамжаа барихад нь гурван мянган лам хуврагын эзэд хийгээд бусад бүх зардлыг Галуутай болон Тэгшийн хүрээнээс дааж байжээ.
1930-аад оны дунд үед цаг төрийн байдал эргэж, шашин номд халгаатай болсон тэр цагт Номч мэргэн хутагт Л.Равдандоржоос 1407 төгрөгний мал хөрөнгө хураасан байна. Цаг төрийн байдал нэгэнт ийм болсон тул тэрээр төрөлх эх орон, төрсөн нутаг хүрээ хийдээ орхин хилийн чинад гарсан байна. Энэ үеэс Номч гэгээн Лувсандамбийдомой нэрээр алдаршиж эхлэв.
XIII дүрийн Далай лам Түвдэнжамц түүнд “Хамбын хошуу” цол шагнаж, Зуугаас салж явахад нь номын хувцас, бүрэн лонжид, алтан малгай, морины эмээл, хазаар бүрэн хэрэглэлээр шагнаж олсон сүм байгуулах “Хишиг бичиг” бурхан шүтээн өгч Хөх нуурын Гүнбүм хүртэл хүнээр хүргүүлсэн гэдэг. Номч хутагт 1928 оноос Шинжааны баруун Хөх нуур, Өмнө Шилийн гол, Алашаа, Эзнээ хошуудаар морилж олны хүндэтгэл бишрэлийг хүлээн шүтэгдэн бишрэгдэж явсаар 1938 онд Өвөр Монголын Алашаа хошууны Алаг уулын орчим Алтан Тэвшийн “Лхаричомба” гэдэг сүмийг байгуулан 1944 онд анхны хурлаа эхлэжээ.
Уг сүм нь 1949 он болтол маш түргэнээр хөгжиж 1950 он болоход ламын тоо нь 95 хүрч Эрдэнэнийн лам Лувсандамбийням, Ламын гэгээн Лувсанлүндүгшадудамбийням, Ноён хутагт Түвдэнням, Бандида шавруун Зумба, Эзэнээ хошууны аж лам Лүндэгжанцан, Жасрай гэгээн, Лундуйжанц зэрэг долоон гэгээн, шавран цугласнаас Алашаа хошуугаар барахгүй бүх Өвөр Монголын сүм хийдийн дотор хамгийн олон хутагт лам нар цугларсан хийд болжээ. Түвэдийн Зуугийн оронд олон жил суусан Дооромбо Хайдав. Халхын Да хүрээний гавж Няндаг, Дооромбын мяндагт Рагчаадунгар, Равдан, Самбуу, Хөх нуурын Гүмбүмд удаан жил суусан Равжамбын мяндагтай Линшидгомбо, Жамц зэрэг лам нар эрдэм номтой лам нар сууж байв.
Ийн номч гэгээн Лувсандамбийдомэй нь Алтан тэвшийн сүмдээ зэрэг цол. нөлөө тусгалаараа хамгийн их олбог зузаан эзэн ламаар заларч байгаад 1954 онд жанч халжээ.
[1]Нарангэрэл.О “Очирваань бурханы орон Отгонтэнгэр хайрханы цадиг оршвой” УБ., 2014. Тал 252.
Сандуйжавын Одхүү