Оросууд юу уншиж байна...
Эх орон нь дайн тулаантай байхад огт эмзэглэхгүй, эмтрэхгүй байна гэж юу байх вэ? “Цаасан, хэвлэмэл” номыг хамгийн их уншдагаараа хойд хөршийнхөн маань дэлхийд алдартай. Тэд номоо уншсаар, гэхдээ уншдаг сэдэв, төрөл зүйл нь ялимгүй өөрчлөгдсөн бололтой.
2022 онд зохиолч Жорж Оруэлийн “1984” роман ОХУ-д хамгийн их борлуулалттай номоор шалгарчээ. Энэ бол дистопи роман, дистопи нь ихэвчлэн нийгэмд сүйрлийн уналттай холбоотой дарангуйлагч засаглал, байгаль орчны гамшиг гэх мэт айдас, зовлонгоор тодорхойлогддог. Дистопи нийгмийн нийтлэг сэдвүүд бол суртал ухуулга ашиглан нийгмийн мэдээллийг бүрэн хянах, чөлөөт сэтгэлгээг үгүйсгэх, биелэх боломжгүй зорилгыг шүтэн бишрэх, хувь хүний шинж чанараа бүрэн алдах зэрэг юм.
Орост үг хэлэх эрх чөлөөг улам хазаарлаж, маш олон “эмзэг” үгийг хэрэглэхийг хориглон, өндөр чанга дуугаралттай улс төрийн сурталчилгаа өдөр бүр эрчимжиж буй өнөө цагт “1984” романыг уншиж буй нь хачирхалтай зүйл биш юм. Энэхүү роман анх 1949 онд хэвлэгдсэн бөгөөд өнө удаан жилийн дайныг өдөөсөн дарангуйллын талаар өгүүлдэг юм. “Foreign Policy” сэтгүүлийн судалгаагаар, Оросууд бизнес, мөнгө санхүү, өөрийн хөгжилтэй холбоотой ном худалдан авах нь багасч, аль болох бодит амьдралаас зайлсхийсэн романс, уран зөгнөл, шинжлэх ухааны зөгнөлт, нууцлаг номуудыг илүү сонирхдог болсон гэжээ.
2022 оны 2-р сард Украины дайн эхэлснээс хойш Оросын алдартай цахим худалдааны "Озон" платформ дээр хамгийн их борлуулалттай номоор "Утга учрын төлөөх хүмүүний эрэл хайгуул"(Man’s Search for Meaning)орчуулгын бүтээл шалгарсан бөгөөд уг номыг зохиогч Австрийн сэтгэцийн эмч, их аллагаас амьд үлдсэн азтан Виктор Франклын дурсамж анх 1946 онд герман хэлээр "Сэтгэл судлаачийн хорих лагерьт өнгөрүүлсэн өдрүүд" нэрээр хэвлэгдэж байжээ. Франкл хүмүүс хамгийн хэцүү орчин, дарамт шахалтан дунд хүч чадал, тэсвэр тэвчээрийг хэрхэн олж авдаг талаар дүрсэлсэн байна.
Номын зах зээлийн мэдээллээс харахад Оросын уншигчид нацист Германыг маш их сонирхон уншиж байна.
Харьцангуй өндөр боловсролтой уншигчдын дунд шинээр орчуулагдсан түүхийн цуврал зохиолууд, тухайлбал Себастьян Хаффнерын “Defying Hitler: A Memoir” хэмээх 1930-аад оны Герман улс хэрхэн тоталитар дэглэмтэй болсныг өгүүлсэн ном, түүхч Николас Старгардтын "Германы дайн” (The German War: A Nation Under Arms, 1939-45)зэрэг ном ихээхэн эрэлттэй байгаа юм.
Одоогийн байдлаар ОХУ-д олон нийтийн эсэргүүцлийн аливаа хэлбэрийг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд ийм хязгаарлалтын дор ном унших нь эсэргүүцлийн нэг хэлбэр болжээ. Оросууд нацист Германы тухай ном худалдаж авснаараа Путины дэглэмийг түүхэн дэх хамгийн муу тоталитар дэглэмтэй зэрэгцүүлэн харж байна гэж судалгаанд дурджээ.
2022 онд Оросын эрх баригчид Гадаадын тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй бүтээгдсэн бүх ном, нийтлэл болон бусад хэвлэмэл зүйлд тодорхой тэмдэглэгээ хийхийг шаардах болсон. Маш олон шилдэг, борлуулалт сайтай зохиол бүтээлүүд, тухайлбал Борис Акунин, Людмила Улицкая, Дмитрий Глуховский, Дмитрий Быков, Михаил Зыгарь зэрэг олон зохиолчийн бүтээлийг дээрх жагсаалтад оруулж, гадуур зарахыг хориглоод байгаа. Гэхдээ “Хориотой жимс илүү амттай” (Запретный плод сладок) гэж оросын зүйр үгэнд хэлсэнчлэн, гадаадын тагнуулын ном бүтээлүүд Путины дэглэмийг эсэргүүцэгчдийн хорхойг улам илүү хүргэж байна гэжээ.
Иргэд нэгэнт ил тод эсэргүүцлээ илэрхийлж чадахгүй учраас янз бүрийн хэлбэрээр, тухайлбал хориотой ном, эрх мэдэлтнүүдэд огт “хэрэггүй” ном унших зэрэг хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Оросуудын ихэнх нь Украйнд жил гаруй үргэлжилсэн дайныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул өнгөцхөн харахад энэ төрлийн эсэргүүцлийн хэлбэр нь өнөөгийн эрх барих системд төдий л хоргүй мэт харагдаж болох юм.
Гэхдээ номын нөлөөг багаар харж, үнэлж болохгүй юм. Оросын иргэдийн уншсан ном нь тэдний үнэ цэнийг бүрдүүлэх бөгөөд Оросын ирээдүйд мөн маш чухал зүйл юм гэж тус судалгаанд өгүүлжээ. Тэд дайны цагийн тэнгэр доор М. Булгаков, Л. Толстой, Ф.Достоевский, Ю Несбё, Роберт Гелбрейт, Татьяна Корсакова, Алексей Иванов, М.Лабковский нарыгаа шимтэн уншсаар л байна даа. Москва дах “Дом книг” дэлгүүрийн эзний өгүүлснээр, хүмүүс орчин үеийн хүүхэд залуусыг огт ном уншихгүй юм гэж халаглаад байх юм. Энэ бол худлаа, ном уншдаг нийгмийн маш том залуу давхарга гарч ирсэн. Тэд бүүр “цаасан” номыг илүүд үзэж байгааг би өдөр бүр харж байна” гэжээ. Их гүрэн ийм айхтар, манай хүүхэд залуус юугаараа дутахав?
М.Мөнхжаргал
2023.05.17