Yahoo, Gmail-ийн алийг нь хэрэглэсэн ч OK. Гагцхүү тэдгээрийг зөв буюу хаана, ямар үед гэдгээ мэдэж ашиглаж байх хэрэгтэй.
Имэйл нь хүмүүсийн хоорондын харилцааны олон хэлбэрийн нэг учир түүнд хувийн болон бизнес, албан харилцааны ерөнхий соёл, стандарт шууд хамаатай. Буруу соёл, стандарт барьвал таны харилцаанд алдаа, хүндрэл үүснэ.
Yahoo, Gmail зэрэг үнэгүй имэйлүүд нь зөвхөн хувь хүмүүсийн хоорондын албан бус харилцааны хэрэгсэл юм. Тэдгээрийг зар сурталчилгааны буюу Интернэт дээр сурталчилгааны урсгал үүсгэх зориулалтаар ажиллуулдаг учир нийтэд үнэгүй байдаг. Тийм имэйлүүд хэрэглэгчийн өмнө хуулийн хариуцлага хүлээдэггүй, мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлалдаа баталгаа өгдөггүй, түүнийгээ ч хэрэглэгчийн гэрээ, заавартаа тод хэлдэг. Хамгийн гол нь, Gmail, Yahoo зэрэг имэйл хаягийг хаана ч албан ёсоор баталгаажуулдаггүй учир тийм имэйл хаягийн ард чухам хэн байгааг нотлох боломжгүй байдаг.
Албан харилцаанд дугтуйгүй, буцах албан хаяггүй захидал илгээж болох уу? Хэрэв тэгвэл уг хүн, байгууллага нь хоорондын харилцаагаа үнэлэхгүй, ач холбогдол өгөхгүй байгаагийн илрэл болох бус уу? Чухам тийм учир сурталчилгааны зориулалттай, хэнээс гэдэг нь баталгаагүй Yahoo, Gmail гэх мэт хаягаар алба, бизнесийн харилцааг явуулдаггүй. Тийм имэйл нь албаны болон бизнесийн мэдээллийн өмчлөл, нууцлал... гм олон стандартыг хангахгүй. Албан харилцааны соёлыг үгүйсгэж, түвшнийг унагана. Мөн зохих стандарт барьж ажилладаг цаад харилцагчаа ч зовооно. Өнөө цагт харилцааны ерөнхий соёл, стандартыг барьдаггүй төр, бизнесийг манайхаас өөр газарт олоход хэцүү.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, хувь хүний имэйлээр дамжиж ирсэн мэдээллийг ямар нэгэн маргаан болоход хуулиар компаний өмч гэж үзэх боломжгүй. Үүнээс болоод ажилтан халагдахад компани албаны болон харилцагчийнхаа мэдээллийг, бусадтай хийсэн харилцаагаа алдах нь түгээмэл. Ийм эрсдлийг Монголын аялал жуулчлалын зарим компаний гашуун туршлага харуулдаг.
P.S. Мөн алба, бизнесийн харилцааны сувгийн технологийн стандарт хангаагүй чаат, бусад хэрэгслээр компани, байгууллагынхаа дотоод ажлыг битгий явуулж байгаарай. Тэгвэл танай мэдээлэл, харилцаа ерөөсөө "дотоод" биш, нэг мэдэхэд бүх нийтийн буюу задгай, эсвэл их сонирхсон хүнд хялбархнаар нээлттэй болчих боломжтой. Үүнд Фэйсбүүк мессенжер ч хамаарна.
Дангаасүрэнгийн Энхбат