Винченцо Перуджа - Мона Лизаг домог болгосон хүн
Өнөөдөр "Мона Лиза" гэж зургийн бүсгүй хэн болохыг мэдэхгүй хүнийг олоход хэцүү байдаг. Түүгээр ч барахгүй Леонардо да Винчигийн зураг бол дэлхийн уран зургийн түүхэн дэх хамгийн алдартай хөрөг юм. Гэхдээ үргэлж тийм байгаагүй, сэргэн мандалтын үеийн уран зураг нь бүтээгдсэн цагаасаа эхлэн мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн ч хачирхалтай нь Мона Лиза ердөө 100 жилийн өмнө алдаршиж домог болсон. Луврын музейн Леонардогийн зураг байрладаг өрөөнөөс, сум нэвтэрдэггүй шилээр бүрхэгдсэн энэхүү онцгой бус гялалздаггүй жижиг зургийг үзэхийн тулд олон мянган хүмүүс зорин очдог.
Ердөө зуун жилийн өмнө Жоконда бусад зургуудын дунд музейн хананд өлгөгдсөнөөр Сэргэн мандалтын үеийн уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж эхэлжээ. 1911 оны 8-р сарын 22-нд зураг алга болоход хэнд ч түгшүүр төрүүлээгүй бөгөөд хэдэн цагийн дараа алга болсон тухай мэдэж, цагдаад мэдэгджээ.
Үхэшгүй мөнхийн бүтээл алга болсныг хамгийн түрүүнд анзаарсан хүн бол Луврын музейн зочин зураач Луи Беруд байв.
5 жилийн турш харж байсан нууцлаг инээмсэглэсэн эмэгтэйн хөрөг ханаас алга болж үлдсэн дөрвөн хадаас буйг тэрээр олж харжээ. Ухамсартай иргэний хувьд Беруд зураг алдагдсан байж болох талаар музейн ажилтнуудад мэдэгдэхэд Луврын ажилтнууд уг зургийг хэн хааш нь авч явсныг мэдэхгүйгээр барахгүй, захиргааны зөвшөөрөлөөр зар сурталчилгааны агентлагийн ажилтнууд авч явсан гэж таамаглаж байв.
Нэг өдрийн дараа л гэгээн цагаан өдрөөр Жокондаг хулгайд алдсан нь тодорхой болж цагдаа дуудаж, Луврын музейг хаах хэрэгтэй болсон. Үзэсгэлэнг зохион байгуулсан музейн ажилтнуудаас байцаалт авч, хулгайн гэмт хэрэгт холбоогүйг нь тогтоосны дараа ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр ажлаас нь халжээ.
Парисын шилдэг байцаагч нарын явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа 24 сар буюу хоёр жил үргэлжилж юуны түрүүнд урлагтай холбоотой, үзмэрийн бодит үнэ цэнийг мэддэг хүмүүсийн дундаас гэмт хэрэгтнийг хайжээ. Тэр дундаа нэгэн цагт энэ зургийг дэндүү их биширдэг байсан залуу зураач Пабло Пикассо, бүр хэсэг хугацаанд торны цаана суухаас өөр аргагүйд хүрсэн яруу найрагч Гийом Аполлинер нар сэжиглэгдэж байв.
Хоёр жилийн турш идэвхтэй хайлт хийсээр "Жоконда" Францын хэвлэлүүдийн нүүрийг үе үе чимж гарсаар байв. Парисын Le Petit Parisien сонин онцгой идэвх зүтгэлтэй гаргаж, яг нэг сарын турш дугаар бүрээ энэхүү зургаар чимэглэсэн байдаг. Өдөр ирэх тусам зургийн алдар нэр улам бүр нэмэгдэж, Лувраас алдагдсан тухай сонсоогүй хүн үлдээгүй.
Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж, сэтгүүлчдэд шуугиан дэгдээх материал олдохгүй байсан тул Леонардогийн зургийг "араа шүдээр" нь задлан эсэн бусын домог түүхээр баяжуулж бичиж эхлэснээр бүх сонины ажилтнууд уран зургийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд мэт болж, сонины нийтлэлд агуу их мастерын зураасны хэлбэр, арын дэвсгэр дэх сүүдэр, тэгш өнцөгт хэлбэрийн агуулга болон урьд өмнө зөвхөн зураач, сэргээн засварлагчид мэддэг байсан бусад олон нарийн ширийн зүйлийг нэгэнтээ бичсэнээр домогт зураг болгож орхижээ.
Үүнээс зурган дээр дүрслэгдсэн эмэгтэйн нууцлаг инээмсэглэлийн тухай хурцаар яригдаж төрөл бүрийн таамаглал дэвшүүлж, хэлэлцүүлэг уран бүтээлчид, сэтгүүлчид төдийгүй урлагтай ямар ч холбоогүй францчууд оролцсноор бүхэл ард түмний сонирхлыг татав.
Зургийг санагалзсан сэтгэлийн хөөрөл нь урлагийн түүхийг сонирхоход хүргэж, үйлдвэрийн ажилчид болон гудамжны худалдаачид хүртэл элсэх гэж яаравчлав.
Beau Monde дунд зурганд санаа зовж, түүнийг хулгайлсан тухай янз бүрийн хувилбаруудыг илэрхийлэх нь илүү гойд амтыг шингээх шинж тэмдэг болжээ.
Хэвлэл болон зурагт үнэнхүү санаа зовох үзэгчдийг Жокондагаас холдуулж чадах цорын ганц мэдээ бол Титаникийн сүйрэл байв.
Францын шилдэг мөрдөн байцаагчид, олон хувийн мөрдөгчид хүч чадалгүй болж, Леонардогийн зураг өөрөө олдоогүй бол үүрд алдах байсан байх.
Мона Лизаг хулгайлснаас хойш хоёр жилийн дараа Флоренц дахь Уффици галерейн захиралд Винченцо Перуджагаас захидал иржээ. Богинохон зурваст энэ хүнд зураг байгаа бөгөөд багахан хэмжээний төлбөр төлөөд зургийн жинхэнэ эзэд болох Италийн ард түмэнд буцааж өгөхөд бэлэн байна гэсэн байлаа.
Перужда тэр даруй баривчлагдаж, анхны байцаалтаар хэрхэн зоригтой хулгай хийж чадсанаа хэлэв. 32 настай Винченцо нь Итали хүн байсан бөгөөд Луврын музейн ажилтан байсан. 1911 оны 8-р сарын 21-нд уг зургийг зүгээр л ажлын хувцастаа ороож музейгээс гаргажээ. Зургийн хэмжээ буюу 53х77 см-ийг тооцвол ийм байдлаар ч гаргаж авахад амаргүй байсан ч Перуджад аз таарч, музейн үүдэнд хэн ч түүнийг тоож шалгаагүй.
Байцаалтын үеэр Да Винчигийн зургийг цэвэр эх оронч үзлийн үүднээс хулгайлсан гэж батлах гэж оролдсон бөгөөд Винченцогийн хувилбар тийм ч үнэмшилтэй биш байсан.
Нэгдүгээрт, уг зургийг бүтээгч өөрөө Италиас гаргаж авсан, хоёрдугаарт, зургийг хулгайлагч үнэ хүргэж зарах санаатай хамаатан садандаа захидал бичиж, удахгүй баяжих болно гэдгээ бичиж байсан.
Шүүх Винченцог цагаатгаагүй ч хатуу шийтгээгүй. Шилдэг бүтээлийг хулгайлсан эх оронч гэх хувилбар нь эрх баригчдад ч, жирийн италичуудад ч таалагдсан. Перуджа Мона Лизаг зурсан зураач Парис руу нүүсэн түүхийг мэдэхгүй байж магадгүй гэдгийг харгалзан үзсэн бөгөөд эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг ухаалаг хүний зан авир шүүгчдэд таалагдсан гэх.
Винченцо Перуджа 1 жил 15 хоног шоронд хоригдох ял авч, үүнээс ердөө 7 сарыг нь торны цаана суужээ. Эх оронч үзлээр Мона Лизаг хулгайлсан гэх үгс энэ хүнийг алдаршуулсан. Шоронгоос гарсны дараа Перуджа дэлхийн нэгдүгээр дайны фронтод тулалдаж, гэр бүлтэй болж, Италийн эх оронч хүний хувьд гэнэтийн байдлаар Парист суурьшжээ. Францын нийслэлд тэрээр гоёл чимэглэлийн ажил хийдэг байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь маш их байв.
Хулгайлагдсан нь Мона Лизад ч сайнаар нөлөөлсөн. Францад буцаж ирснийхээ дараа энэ хөрөг зураг томоохон аялалд гарсан бөгөөд Европын олон нийслэлд үзэсгэлэнд тавигдав. Хаа сайгүй энэхүү зураг бүхий үзэсгэлэнг ёс төртэй угтаж, үзэхийг хүссэн хүмүүсийн тоо хязгааргүй олон байлаа. Луврын музейд эргэн ирсэн "Ла Жоконда" нь Сэргэн мандалтын үеийн танхимын жирийн үзмэр байхаа больж, Францын гол музейн үнэт сувд болон өнөөг хүртэл хадгалагдаж байна.
legacy of ancient civilizations
Р.Сайхан-Уул