Танин мэдэхүй - Хус мод хамгийн өглөгч нь
Хус бол задлагч мод юм. Танай хашаанд хус байхад л муу энергийг задалдаг ажээ. Хусан төглийн ойролцоо амьдарнаа гэдэг тэр чигээрээ энерги шүү дээ. Үйс нь хүртэл цул алт. Хэнтийн Дадал хусан төгөл ихтэй болоод ч тэр үү, тэд үйсээр галаа ноцооно. Маш амархан асдаг. Ээж норгохгүй гээд гудсан доогуур хийчихдэгсэн. Гал бузартаж догшрохгүй, сэв нь ариусаж голомт бадарна хэмээн сүсэглэж, амаржих эх төрж чадалгүй зовоход үйсний утаа, үнэрээр домнодог хэмээн хөөрнө.
Буриадууд хус модоор цайны уур нүдүүр, үйсээр цайны сав хийдэг нь хусны задлагч шинж чанарыг мэддэгийг л хэлээд өгч байна. Одоо ч хэвээрээ.
Хайхмаар нь хусны үнсийг усанд хийж хонуулаад шүүж уухад гадны цайнуудыг ёстой “будаа болгоно" доо. Учир нь таны бие дэх ихэдсэн шүлтлэгийг задлах шид түүнд бий.
Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдээр хус модыг өдөр бүр тэврүүлээд байхад эмчилчихдэг увдистай мод. Учир нь хөрст дэлхийн орон зайд үүссэн жатгат соронзон хэмүүдийг анхилуун үнэрээрээ задалдаг гагц мод бол хус! Үүнийг бариач илээч хүн бүр сайтар мэднэ. Энэ шинж хус гэлтгүй бүх задлагч модонд бий ч хус бол илүүрхэнэ.
Намайг залуухан ээж байхад хүүхэд хөгшдийг далийн ягаанд суулгахаар эмнэлэгийнхэн аваад явдагсан. Хүүхдүүд зөнгөөрөө эрүүл саруул өссөн болохоор ганц ч удаа яваагүй юмдаг. Түүн шиг дархлаа муутай хүүхдүүд, настангуудыг хусан ойд хэд хонуулахад л үнэтэй сувилалд явснаас ч илүү эрчим хэм авч чаддаг ажээ. Бас хусан ойд явж байхад аянга цахилгаантай бороо орвол айлтгүй. Учир нь тэр бүр аянга буудаггүй гэх юм билээ. Магадтай! Ер нь хус шиг хэм задлагч биш хэм хураагч мод л аянгыг татдаг байж магад.
Хүмүүс ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаах, бөөр давсагныхаа нянг устгах зорилгоор хусны шүүс их уудаг болжээ. Хусны шүүсийг хадаас юмуу өрмөөр цоолоод гуурс хийж авна. Дараа нь модон шаантгаар таглах дэгтэй. Хүмүүс хусны шүүсийг өрөмдөлгүй муйхар аргаар нүхэлж, буцааж таглалгүй орхиж, таарч тохирсон таглаа хийхгүй завсар зай гаргадгаас болж чийгээ алдан сүйрсэн төгөл олширчээ. (Би ч бас ингэж хорлоод гүйж л явлаа) Бидний ухамсар доройгоос хус маань шүүс чийггүй болж хатаж өгөршин 50, 60 жил наслах нь битгий хэл 20 жил ч хүрэхгүй үхдэг байна.
Уух хугацаа ч бий. Хусны шүүсээ өдөрт нь ууж барахгүй бол гэртээ авчраад ууна, хүүхдэдээ өгнө гэсэн ойлголт байхгүй. Хонуулчихвал тунадас үүсээд хэрэгтэй чанараа алдаж хор болдог.
"Сүүлийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Бугант тосгонд савхны үйлдвэр ажиллаж зогсоо зайгүй залуу хусыг тайрч голдуу 20-25 настай, 10 гаруй метр өндрөөс нь шилж унаган модон савх болгодог аж. Тэд нутгийнхны хууль бусааар огтолж ирсэн хусыг хямдхаан аваад савхны бэлдэц болгон 100 хувь хятад руу экспортолдог" гэнэ. 500 шоо метр хуснаас 1 вагон савх гардаг гэх тооцоо гарчээ. Үүнийг бүр таслан зогсоогоосой, Сэлэнгийнхэн!!! Мод амьтай, бас эзэнтэй! Энэ хүмүүс ар-аа даадаг л байгаа.
Лус савдгийн нэхэлгүй хүн бидний дунд байхгүй ээ. Хуугаараа өртсөн. Мах гурил хавчиж ид гэж модод ургалаа юу?! Тусыг нь хүртсэн мөртлөө тураалд ортол нь хатааж сүйрүүл гэж хус заяагаа юу? Ингээд байвал яраар зовж, хавдраар мажийх цагаа үтэрлүүлж байна гэдгээ мэдтүхэй.
Байгаль таны төлөө байна. Харин нэрмээс бололгүй нэмэр болохын тулд айл бүр хашаандаа хусан төгөлтэй болоход л олон гэмийнхээ арыг цайруулна шүү дээ.
Эх сурвалж: Тэнгэр Монгол Газар