7×7=49 хоног
Яагаад заавал 49 хоног юм бол гэсэн бодол байдаг уу? Нөгчсөний дараа ч гэсэн 7 хүрд маань бидний сүнстэй холбоотой байсаар л байдаг. Эрлэгт очиж үйлийн үрээ шүүлгэхэд хамгийн гол шалгадаг зүйлүүдийн нэг бол 7 хүрдэнд хураагдсан мэдээлэл.
7 хүрд тус бүртээ 7 хоног амьдрах энерги үлдэх үед насны тоо гүйцэж амьсгал хураадаг. Иймээс л энэ энерги бидэнд 49 хоногын хугацаа өгч үнэний шалгуурт орохыг шаарддаг. Үнэнээс зугтсан сүнс жам ёсноос гажиж албин тийрэн, бирдийн төрөлд унадаг.
Үхлийн дараах 3 зуурдыг учир шалтгаан үр дагавартайгаар өгүүлье.
1. Нөхчих үеийн зуурд
Сүүлчийн амьсгал хураасанаас хойш 1-3 хоног өөрийгөө нөхчсөнийг мэдэлгүй сүнс нь бие дотроо оршсоор байхбөгөөд аажмаар өөрийгөө амьсгалахгүй, өлсөхгүй хөдлөхгүй байгаагаа анзаарч эхэлсэнээр үхсэнээ ойлгох боловч түүнийгээ үл зөвшөөрөх хандлага гаргадаг.
Бясалгал олон жил хийж дадсан хүмүүс болон үхэлд урьдаас бэлтгэлтэй байсан хүмүүс бол үхлийг шууд хүлээн зөвшөөрч биеээ орхидог.
2. Мөн чанарын зуурд
Энэ зуурд эхлэх үед нүдэнд оч, гал бутрах үзэгдэл харагдах эсвэл харанхуй урт хонгилын үзүүрт гэрэл харж тэр хонгилоороо нисээд гарч буй мэт үзэгдэлээр эхэлдэг. Энэ нь угтаа хүний сүнс биеийн аль нэг нүх сүвээр биеээ орхин гарч буй үйлдэл байдаг. Ингэж гарсан сүнс амьдралын мөн чанарыг олж харж эхэлдэг. Хорвоо дэлхий дээр байгаа бүх сүнсийг харах ба мод, өвс ургамал, үр тариа, амьтад, лус савдаг бүгдээрээ сүнстэй гэдгийг харна.
Энэ үеээс үхлийн дараах шалгуурууд эхэлдэг. Урьдаас сурч мэдэж бэлдсэн хүмүүс бол айдас багатай, амархан даван туулдаг.
Дөнгөж саяхан нөхчсөн учир тухайн сүнс 49 хоног хүрэлцэх энергитэй байдаг. Энэ энерги нь өөрөө бусад албин тийрэнгийн хувьд амар бэлэн хоол учир тэд нараас хамгийн эхний дайрлага ирнэ. Учир нь тэд энергийн дутагдалд орсон өлсөглөн байдаг.
Гэвч жинхэнэ шалгуур бол эрлэгийн элч байдаг. Бүү ай... Ухамсар оюун нь сэрсэн бол энэ шалгуур хүүхдийн тоглоом шиг л санагдана.
Гэвч насан туршдаа унтаагаараа амьдарсан бол жинхэнэ хар дарсан зүүд бодитоороо ирэх болно.
Эрлэгийн элчийг зарим хүмүүс нөхчихөөсөө хэд хоногийн өмнө ч бас хардаг. Тэд үр хүүхдүүддээ "намайг авч явахаар хүн ирсэн байна" гэж тайвнаар хэлдэг. Гэвч харин зарим хүмүүс эрлэгийн элчийг хараад үхтлээ айж "намайг битгий авч яваач, намайг авч явах гээд байна" гэж орилох нь ч бий. Энэ бол мөн чанарын шалгуурт унаж буй хэрэг. Тийм сүнснүүд өөрсдийн хүслээр амьдралдаа, би махбоддоо хорогдож бирдийн төрөлд унадаг.
Нөхчсөний дараах мөн чанарын зуурдад эрлэгийн элч ирэхдээ чиний айдас дээр тулгуурласан дүрд хувирч ирдэг. Чи юунаас хамгийн их айдаг тэр дүрээр чинь л ирдэг. Үнэхээр ухамсар оюун нь сэрсэн хүн бол үүнийг ойлгож мэдэх учраас түүнээс зугтахгүй.
Эрлэгийн элч чамаас үхсэнээ мэдэж байна уу? Зөвшөөрч байна уу? Эрлэгийн шүүлтэнд орхоор хамт явах уу? гэсэн 3 асуулт л асууна.
Эрлэгт хүрэх зам хол учир эрлэгийн элч ирж авах нь зол завшаан юм. Хүн болгон дээр эрлэг ирдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл хүмүүс өөрийг нь гээд ирсэн эрлэгээс зугтдаг. Тэгвэл албин тийрэн болох зам л үлддэг.
Эрлэгийн үүдэнд ирлээ. Хохмой толгойтой хоёр аймшигтай дүртэй нөхөр зогсох бөгөөд мөн л чамаас асуулт асууна.
Амьд хүн үү? Үхсэн хүн үү? гэж асууна. Эндээс нэгэн нууцын учир тайлагдах бөгөөд Ловон бадамжунайн БАРДО ТОЙДОЛ судрыг бичсэн арга юм. Өөрөөр хэлвэл хүн зөвхөн үхсэний дараа эрлэгт очдог бус амьд ахуйдаа ч дээд бясалгалын хүчээр эрлэгийн хаалганд очиж үхэгсдийн зуурдийн ертөнцийг үзэх боломжтой юм. Энэ чадвар бөө нарт ч байдаг.
3. Сансрын зуурд
Сансрын зуурдад нэг ялгаатай зүйл нь тухайн сүнс эрлэгийн шүүлтээр ороод гарсан байх бөгөөд хүн дүртэй сүнс нь арилж бөмбөлөг хэлбэртэй сүнс болсон байдаг. Орчин үед камерын бичлэг дээр хүртэл энэ бөмбөлөг хэлбэртэй сүнснүүд бичигдэж үлдсэн байдаг. Энэ бол дүрст тэнгэрийн оронд харьяалагдах сүнснүүд.
Тухайн сүнс нь төрөл авахаа хүлээх бөгөөд ухамсар сэрэлтийн төвшинөөс шалтгаалж сүнснүүд том гэрэлт бөмбөлөгнөөс, нимгэн хөөс шиг бөмбөлөг гээд янз бүрийн гэрлийн төвшинд байна.
(Шашин талаас нь бичсэн олон ном судар байдаг учраас хүн бүхэн ойлгохоор энгийн үгээр тайлбарлав )
-Хөдлөшгүй бясалгагч