Хатиг нь үений уг, тэр орчмын эдийн цочмог идээт, үхжилт үрэвсэл юм. Хагарч үхэжсэн эд идээ нь гадагшлахаар өвчин нь намддаг. Арьсны дор байрлах үсний уутанцар стафилококк вирусын улмаас идээт үрэвсэл үүсгэхийг ХАТИГ гэнэ.
Өвчний үүсгэгч нь стафилококк. Хүний бие организмын дархлаа сулрах үед энэ вирус биед нэвтэрдэг. Чихрийн шижин зэрэг архаг эмгэг хуучтай, эсвэл бие суларсан тохиолдолд өвчилнө. Биеийн үетэй хэсэг хувцасанд үрэгдэж байдаг тэрхүү газарт гарна. Хүний биеийн алга болон хөлийн улаас бусад хэсгийн арьс нь үсээр бүрхэгдсэн байдаг тул арьсны дор нь үсний уутанцарууд байрладаг. Тиймээс хатиг нь биеийн аль ч хэсэгт үүсч болно. Гэхдээ ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд үүсдэг. Сүүлийн үед арьсны нимгэн аль ч хэсэгт гарч байна. Чанаргүй хоол хүнс хэрэглэх, зөв хооллохгүй байх, агаарын бохирдол зэргээс шалтгаалж гардаг.
Шинж тэмдэг: Арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайна. Зарим тохиодолд халуурч чичрүүдэс хүрэх нь бий. Хатиг эхэлж байгаа үедээ бага зэрэг идээтэй мөн хөндүүр жижиг төвгөр зүйл арьсны дотроос буюу доороос нь гарч ирж байгаа нь мэдрэгдэж тэр хэсгийн арьс улайна. Хэд хоногийн дараа томорч дээш төвийсөн, хурц өвчтэй, идээтэй бондгор зүйл болж улмаар төвдөө идээт нэвчдэс нэмэгдэнэ. Улмаар идээт бундруу зөөлөрсөөр хагарч идээ гадагшилж суурин дээр нь нүх маягийн шарх үлдэж хэд хоногийн дараа сорвит толбо үлдээн эдгэнэ. Энэ бол дангаараа гарсан хатиг.
Хэрхэн эмчлэх: Арьсанд товгор хатуурал товойж, улайж эхэлмэгц давсны уусмал буюу натрин хлорид марлинд шингээгээд дээр нь тавьж болно. Мөн шаардлагатай бол эмчид үзүүлж зөвөлгөө авах, шарлага, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Хатигны эмчилгээнд дотроосоо антибиотик ууж гаднаас нь ихтиловын мазь түрхэнэ.
Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно.
Зарим тохиолдолд хэд хэдэн хатигнууд ойролцоо байрлалтай, дахих хандлагатай, цаашилбал тууралт маягаар гардаг. Үүнийг хатигшил буюу фурункулез гэдэг. Дух, шанаа, эрүү, хамар зэргийн хавиар гарвал төрөл бүрийн халдвар нэвтрэн орж цусны эргэлтэд оролцон, сепсис буюу цусны бохирдол үүсгэх аюултай.
Хатиг болон хатигшил нь хүний бие организм сульдаж, дархлаа сулрах, мөн халдвар авах, даарч хөрөх, чихрийн шижин өвчний үед түүнийг үүсгэгч бичил биетүүд бие организмд нэвтэрснээс болж үүсдэг. Хэд хэдэн хатигнууд зэрэгцэн гарч, нэгдсэн том шархлаа, идээт бөөгнөрөл үүсгэхийг мундас буюу карбункул гэж нэрлэдэг.
Хатиг олон дахин гарах шалтгаан: Хатигшил нь хүний дархлаа муудаж, бие суларснаас үүдэлтэй.
Эмчилгээ: Хатигшсан хүнд нянгийн эсрэг эмийн бэлдмэл, аминдэмийн болон физик эмчилгээ хийнэ. Заримдаа хэт хүнд хэлбэртэй гарч байгаа хатиг болон хатигшлыг мэс заслын аргаар, идээт суурийг нь түргэн авах шаардлагатай болдог. Хатиг гараад идээ нь гадагшилж шарх нь аньж байгаа үед эдгэж байгаа хэсэг дээр зуун настын навч тавьж болно.
Нүүрэн дээр хатиг гарсан үед хүчээр шахаж гаргаж болохгүй, нэн ялангуяа мэс заслын аргаар идээг гадагшлуулахыг хориглоно.
Гэрийн нөхцөлд давсны уусмал бэлтгэх арга: Нэг литр усыг 200 мл болтол ширгээж буцалгаад, нэг цайны халбага /5гр/ хүнсний давс хийнэ.
Хатигийг аюулгүй гаргахын тулд гэрийн нөхцөлд хэрэглэж болох нэгэн аргыг гадаадын хэвлэлээс авснаа хүргэе. Танд цэвэр тариур байх хэрэгтэй. Хатиг гарахад уут үүсдэг тул цусанд халдвар орох магадлалтай. Иймд дараа нь ариун цэврийг дээд зэргээр сахиж, ариутгах бодис болон спиртээр цэвэрлэн, нян орохоос болгоомжлон шархыг битүүмжлээрэй.
-Тариурын урд хэсгийг хурц хутгаар цэвэрхэн өөгүй зүсч авна.
-Зүссэн хэсгээрээ хатигаа оруулан арьсанд тулгаж дараад соруулыг дээш татаж, соруулснаар арьснаас хатигний идээ бээрийг аюулгүй, цэвэрхэн соруулж гаргах боломжтой.
Гэхдээ хатиг томорч цэлхийгээд гадагшлахад бэлэн болсон үед энэ аргыг хэрэглэвэл илүү тохиромжой юм байна.
Энэ аргаар биенд орсон хатиг, хувалз, батгыг мөн аюулгүй авч болдог байна.
Бэлтгэсэн: Д.Золзаяа, mongolcom.mn